
СӨҮЛ, 2025 оны хоёрдугаар сарын 17 /Yonhap/. Өмнөд Солонгосын бэлэн гоймонгийн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч “Ноншим” компани Европын зах зээлд үйл ажиллагаагаа тэлэх зорилгоор ирэх сард Нидерландад охин компаниа байгуулна гэдгээ өнөөдөр мэдэгджээ.
Тодруулбал, ирэх гуравдугаар сард Амстердам хотод “Nongshim Europe B.V.” компанийг байгуулах бөгөөд хуурай замын тээврийн дэвшилтэт сүлжээ, мөн ачаа тээврийн хэмжээгээрээ Европт тэргүүлдэг Роттердам боомт нь тус улсыг сонгох шалтгаан болсон байна.
Европын “рамён”-ы зах зээл 2023 онд 2 тэрбум ам.долларт хүрч, 2019-2023 онд жилд дунджаар 12 хувиар өсжээ. “Ноншим” 2030 он гэхэд Европ дахь рамёны борлуулалтаа дөрөв дахин нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Өнгөрсөн онд Европт тус компани 84 сая ам.долларын рамёны төрлийн бүтээгдэхүүн борлуулсан байна.
Одоогоор “Ноншим”-ын нийт борлуулалтын 40 хувь орчим хувь нь АНУ, Хятад, Япон зэрэг гадаадын зах зээлд ногддог. Тус компани дотооддоо болон гадаадад тус бүр зургаан үйлдвэртэй бөгөөд хилийн чанад дахь үйлдвэрийн хоёр нь АНУ-д, дөрөв нь Хятадад байдаг.
2024 онд эрэлт буурч, зардал нэмэгдсэнээс үүдэн “Ноншим”-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.1 хувиар буурч, 157.63 тэрбум вон болжээ. Түүнчлэн үйл ажиллагааны ашиг өнгөрсөн онд 23 хувиар буурч, 163.07 тэрбум вон болсон бол борлуулалт 0.8 хувиар өсч 3.44 их наяд вон болжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Мөн сонин юмшүү,,,хойд урд хоёр солонгос гэж шөнө өдөр шиг шал өөр ертөнц байх гэж,,,өмнөд нь европд бэлэн гоймон зараад л,,,,хойдууд нь оросод бууны мах зараад л,,,,