sonin.mn

Монголын хамгийн эрэлттэй ажил бол улстөрч. Статистикаар гарч ирдэггүй. Тийм атлаа амьдрал дээр бол үнэн гэдэг нь маш олон талаасаа нотлогддог. Залуус их дээд сургууль төгсөөд л "Их улс төрд орно" гээд явж өгнө. Тэгж явагсдаас бүтдэгээсээ бүтэхгүй нь олон. Бүтсэн нь хурган дарга ч гэсэн хийгээд зовохгүй амьдарчихна. Албан тушаалынхаа хаялга, авлигаар хөөрхөн подхийчихнэ.


Хауст амьдраад, жийп унана. Улс төрд амжилттай явж карьер нь өсөөд том ажил хийвэл илүү их авна. Ингэж амьдардгаа өөрсдөө хортой, хоргүй гэж ангилдаг. Их сонин ойлгоно. Нийтээр нь хохироовол хоргүй, нэгийг хохироовол хортой гэж үздэг. Нийгмээрээ нэгэн хоргүй үйлдлийн талаар хэд хоног ярьж байна.


Таван толгой ордын Ухаа худагийг хувьчилсан талаар баахан баримт дэлгэгдлээ. Нэг хэсэг нь дургүйцэж, нэлээд нь өмөөрч байгаа харагдана. Баримт нь тэр үеийн Засгийн газрын тэмдэглэл. Өөр бичиг сачиг алга. Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүү гэж хүн гэрээ хийгээд өгчихсөн юм байна. Гэтэл тэр нь Тавантолгой ордын коксжих нүүрсний 30 их гаруй хувь нь байж таарав. 20-иод жилийн өмнө өгсөн Ухаа худагийн хувьчлал өнөөдөр ил болж, тэр хувьчлалыг эргэж харах асуудал хөндөгдөж байгаа юм байна. Гол учир нь Ухаа худагийн хувьчлалыг улстөрчид гардан гүйцэтгэжээ. Энэ тухай мэддэг улстөрчид ярьдаг. 


Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгээр "Намайг яагаад улс төрөөс зайлуулах гээд байгаа гэвэл Таван толгойн ордыг ард түмэнд өгье гэсэн тууштай саналаас минь болсон юм. Энэ ордын үндсэн хэсгийг Ерөнхий сайд С.Баярын үед хувийн хэвшлийнхэнд өгсөн.


Харин энэ ажлыг зохион байгуулж, будилуулсан хүн нь Ерөнхий сайд асан С.Батболд. Тухайн үед С.Батболд надад тайлбарлахдаа "Тавантолгой ордыг бүлэглэлүүдэд хуваая, та нэгдэх үү" гэсэн. Би орохгүй, ийм шунахай сэтгэл гаргаж болохгүй, Тавантолгойг 100 хувь ард түмэнд буцааж өгөх ёстой гэсэн юм. Тэд Тавантолгойн ордын ердөө 4 хувь гэх мөртлөө энэ ордын өрөм буюу хамгийн их баялагтай хэсгийг тасдаж авсан. Үүний дараа Хонконгийн бирж дээр мөнөөх хэсэг дээрээ ІРО хийж 4.5 тэрбум ам.доллар босгосон. Бид энэ мөнгийг ард түмэндээ өгөх ёстой байсан юм. Харин бид Тавантолгой дээр алдсан нь үнэн. Би тэдний өмнөөс уучлал хүсье. Тавантолгойг ард түмэнд өгье. Ардчиллын хамгийн сайхан нь алдаагаа засдаг бололцоо олгодогт байдаг юм. Ер нь тэрбум тэрбум ам.доллар олчихсон хүн огт өөр хүн болж хувирдаг юм билээ" гэж ярьсан. Харин Ерөнхий сайд байсан Сү.Батболд "Би иргэн хүний хувьд, энэ лицензийг 1999-2007 он хүртэл найман жил эзэмшиж ирсэн юм. Лицензийнх нь төлбөрийг хадгалаад, найман жил төлбөрийг нь төлөөд, энэ яриад байгаа гадны компаниудад өгөхгүйгээр хадгалж ирсэн юм. Энэ Орос, Хятад, Япон, Солонгосын компаниуд бүгд өндөр үнээр авъя гэхэд нь зараагүй. Зараагүй монголчууддаа хадгалж ирсэн, нэгд. Хоёрдугаарт, эндээс ямар нэгэн нүүрс олборлоогүй байсан. Нэг хүрз нүүрс ч аваагүй. Зөвхөн хадгалж ирээд, ингээд одоо энэ орд газрын лицензийг стратегийн орд, ард түмний эрх ашиг гээд буцааж төрд авсан. "Энержи Ресурс" компани өөрийнхөө оруулсан зардлын хүрээнд тэнд оролцсон компаниуд Ухаа худагийн ордыг авсан.


Энд бол тэр 14 компани УИХ-ын гишүүд оролцсон, бизнесийн компаниа ёстой төрд байгаагүй байж байгаад бизнесийн үйл ажиллагаагаараа оролцуулж ирсэн аж ахуйн нэгжүүд, тэнд оролцсон оролцоогоо бизнесийн зарчмаар "Энержи Ресурс" компанийн гол хувьцаа эзэмшигч нарт нь зараад гарсан байгаа.


Үүнтэйгээ холбогдсон зарсан, татвар төлсөн асуудлаа тодорхой шийдэж тавьсан. Нэг үгээр хэлэх юм бол "Энержи Ресурс" компанид сонирхлын зөрчил, эрх ашгийн оролцоо байхгүй гэдгийг би энд хариуцлагатайгаар хэлье" гэдэг. УИХ-ын дарга байсан 3.Энхболд саяхан "Намайг нүүрсний хулгайч гэж гүтгэж шүүхээр яллахаа шахсан нөхдүүд өөрсдөө Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр хууль бусаар Тавантолгойн ордын хамгийн баян нэг толгойг (ордыг) Ухаа худагийг хувьчилж авсан байдаг. Улсын төсвөөр хайгуул хийсэн орд бол улсын төрийн өмч. Төрийн өмчийг хувьчлах бол өмч хувьчлалын хуулийн дагуу УИХ, Засгийн газрын шийдвэр тогтоол гарах ёстой. Тэр тусмаа нийт монголчуудыг 100 жил тэжээх стратегийн ордыг тэмдэглэлээр хувийн компанид үнэгүй өгч болохгүй. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар энэ хууль зөрчиж хувьчилсан ордыг бүх ард түмний өмч "Эрдэнэс Таван толгой" ХК-д буцааж өгч шударга ёсыг тогтоох ёстой. Түүх сөхвөл Таван толгойн нүүрсний орд таван ширхэг толгой гэж нэрлэгдэх Цанхи, Ухаа худаг, Бортээг, Онч хараат, Бор толгой гэсэн 5 бүлэг ордоос бүрддэг байлаа.


Сүүлд хийсэн хайгуулаар Оорцог нэмэгдэж 6 орд болсон. 1930 оноос эхлэн нүүрс ухаж, 60 жил судалж тогтоон 1990 оны нэгдүгээр сарын 30-нд ТЭЗҮ нь дууссан байдаг, 460 сая тонн нүүрстэй Ухаа худагийн ордыг "Энержи ресурс" компанид үнэгүй өгөх ажиллагаа 1999 оноос эхэлсэн байдаг.


Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж дуусгаад нийт 7.4 тэрбум тонн нүүрс, үүнээс 70 хувь нь коксжих нүүрс үлдсэн нь эрчим хүчний нүүрстэй Таван толгойн ордын ТЭЗҮ боловсруулаад дууссаны дараа 1999 онд юу ч байхгүй хоосон газар гэж үзээд дээр нь хайгуулын лиценз давхардуулан өгснөөр 60 жил улсаас хөрөнгө зарчихсан хайгуулын үр дүнг нэг ч төгрөг төлөлгүйгээр хувьчилж авсан гэдгээ доор дурдсан гэрээнийхээ 1.1 дээр "Энержи ресурс" компани "1999 оноос хайгуул хийх лиценз, 2007 оноос ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг эзэмшиж ирсэн" гэж тодорхой бичжээ зардал нь 15 ам.доллараас хэтрэхгүй. Жилдээ 15 сая тонн нүүрс олборлодог гэвэл 30 жил ажиллах нөөц байна.


Жил бүр 1.275 тэрбум ам.доллар, төгрөгөөр 4.4 их наяд төгрөгийн цэвэр ашиг, 30 жилдээ 132 их наядын татварын өмнөх ашиг олдог уурхайгаа зүгээр өгчээ. Жинхэнэ нүүрсний хулгай бол энэ л байна.


2008 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл болон "Энержи ресурс"-тай хийсэн гэрээг хавсаргав" гэж нүүр номдоо бичжээ. Өөр өөр цаг үед боловч Ерөнхийлөгч, УИХ-ын дар дарга, Ерөнхий сайдаар ажиллаж байсан энэ гурван хүний хэлснийг сайн уншаад үзэх хэрэгтэй. Ухаа худагийн хувьчлалд улстөрчийн оруулсан хувь нэмрийг мэдэх болно. Тэрчлэн энэхүү хоргүй үйлдэлд улстөрчийн хэрэгцээ ямар өндөр байсныг мэдэж авна. Хөөрхий дөө, Монголын минь дүр зураг нэг иймэрхүү. Шударга хөдөлмөр, шударга хуваарилалтын талаар ярих ч хэрэггүй цаг үед л амьдраад байна, бид. Хаа хүртэл явж, хэдий хүртэл үргэлжлэх юм бүү мэд ээ.




Ө.БИЛЭГ