![sonin.mn](/storage/news_images/1739328283history_1482453836.jpg)
Хувийн номын сангаа шинэ байранд зөөх үеээр нэгэн номын завсараас сүрхий шаралж, эвхээс нь тайрагдах дөхсөн сонингийн хайчилбарыг олж билээ. Арга ч үгүйдээ, түүнээс хойш даруу 33 жил өнгөрчээ (1988-06-11). Энэ нь ЗХУ-ын тэргүүн сонин «ПРАВДА»-гийн «төрсөн дүү нь» болох МАХН-ын «ҮНЭН» сонин байлаа. Дээд талд нь «Бүх дэлхийн пролетар нар нэгдэхтүн!» хэмээх нэр төртэй лоозон уриа хараа булаана. Тухайн үед бид энэхүү уриа лоозонгийн дуудлагаар зэвүүн капитализмыг үзэн ядах үзэлтэй явлаа. Одоо бодоход инээдтэй ч гэмээр...
Зориуд хайчилж авсан өгүүлэлийн малгай дээр нь «Монголын тухай гадаадын хэвлэлд» гэжээ. Өгүүлэлийн оршилд: «Америкийн сэтгүүлч Жеймс Шериллийн «Пиплз дейли уорлд» сонинд хэвлүүлсэн «Монгол сэтгэлгээ» хэмээх нийтлэлээс » гэж дурдсан байв.
Хуучин танилтай уулзсан мэт өгүүлэлийг дахин уншлаа. Одоо бодоход онцолж баймаар зүйлгүй жирийн нэгэн өгүүлэл байна. Харин үүнээс гучин хэдэн жилийн өмнө бид энэхүү өгүүлэлийг уншаад мэл гайхаж цэл хөхөрсөн билээ. Учир нь манай улс шиг «гэгээн социализмийг байгуулж, капитализмыг алгасч буй» тэр үед иймэрхүү бодит зүйлийг бичих, хувь хүний амьдралыг сурталчлах нь хориотой байсан юм. Зөвхөн суут Намынхаа нэрийн өмнөөс үг хэлэх онцгой эрхтэй эрхэм хүндэт дарга нарын сүр жавхлантай илтгэл сонингийн бүтэн хуудсанд нийтлэгдэж, социализм байгуулж буй баатарлаг хүмүүсийн барагдашгүй хөдөлмөр сурталчилагдан, коммунизмд тун ойртож байгааг итгүүлж нүдэнд «нулимс гүйлгэнүүлдэг» чулуу мэт хатуу, мөс шиг амьгүй, өгүүлэлд бид бүр дассан ажээ. Тийм учраас бид энэхүү өгүүлэлүүдийг уншилгүй итгэж, уг сонингоор гар арчиж, гал асааж, тамхины цаас болгон ашигтайгаар хэрэглэдэг зуршилыг жирийн юм мэт үздэг байсан. Гэвч заримдаа сонингийн сүүлчийн нүүрэнд гардаг «Хөрөнгөтөн орны дүр төрх» малгайн дор гардаг өгүүлэлийг л уншаад, тэдний бүдүүлэг амьдралд зэвүүсэж, өөрсдийнхөө аз жаргалтай социалист оронд амьдарч байгаагаа ганц аз гэж, баярладаг билээ. Тэгтэл, энэхүү хөрөнгөтөний сэтгүүлчийн өгүүлэл үнэхээр сонин санагдав. Харин, сүүлийн хэдэн жилд ЗХУ-аас эх авсан «өөрчлөн байгуулалт», «ил тод байдал» гэхчилэн шинэчлэлийг өлгөн авсан манай хөөрхий Намын ачаар л амьдралдаа анх удаа гадаад орны нийтлэлийг уншиж танилцаж байгаа нь энэ дээ. Тэгээгүйсэн бол «аймшигтай хөрөнгөтнөөс» тэр чигээрээ хол байх байсан даа.
«Монгол сэтгэлгээ» хэмээх өгүүлэлийн доторхи жижиг гарчиг нь «Худалдаа үйлчилгээний хоцрогдол» гэж эхэлжээ. Уг сэдэвт Улаанбаатар хотынхон өглөө эрт сүүг яаж худалдаж авч байгааг өгүүлжээ. «Өглөө эрт хотын гудамжаас гартаа том, жижиг сав суулга барьсан хүүхэд шуухадаас өгсүүлээд настай буурал том хүмүүс хүртэл мянгаад оршин суугчидыг харж болно. Тэд сүү авахын тулд өглөөний нойроо дутуу авч эрт боссон ч заримдаа нөгөө сүү авч ирдэг машин нь үд хүртэл ирж өгдөггүй тохиолдол ч бишгүй гардаг аж... Хэрэглэгчидээ ингэтэл зовоодог хачин худалдааний системийг судалж мэдэхийн тулд монголоор сайн мэддэг унгар инжнер Я.Шандорыг хажуудаа дагуулан хотын бараг бүх районы 20 (200 шахам бий) дэлгүүрээр орлоо. Ази, Европ, Америкийн ч томхон хотуудын саятаны хүнсний их дэлгүүрээс дутахааргүй том танхимтай тавилга сайтай цэвэрхэн нь аргагүй дэлгүүртэй юм. Худалдагч нар нь ч цэл залуу царайлаг хүүхнүүд байна. Гэвч худалдагч худалдан авагчаа өөрөө урьж үйлчлэхгүй, өөрсдөө уриулж гуйлгаж үйлчилдэг хачин сонин байдал харагдана. Учир нь, сайн ч муу ч ажилласан адил цалин авдаг нь худалдааг ийм араншинд сургаж дасгажээ.»
Өгүүлэлээ унших тусам бид өөрсдөө ийм байх ёстой гэж аль хэдийн дасаж орхисон амьдралын өчнөөн явдалыг нүдний өмнө нь харуулахад зүүднээс сэрсэн мэт сэтгэгдэл төрлөө. Дараагийн сэдэвийг сэтгүүлч мань «Монгол дуу хуурын эгшигт уярч явахдаа...» гэжээ. «Ажилчин» гэсэн соёлын ордонд болсон концерт нь маш их таалагдсаныг, концертийн танхимд цугларсан хүмүүсийн маш соёлч байдлыг дүрслэн бичжээ.
Дараа нь герман анд Мюллерийн урилгаар «Баянхошуу» хэмээх гэрийн хороолол дахь Бадам нэртэй нэгэн эмэгтэйн айлд зочилсоныг, эсгий гэрт ээж болон долоон настай охинтой хамт суудаг эдгээр хүмүүсийн маш тохилог байдалд гайхаж, зууханд түлсэн модон түлшийн сэтгэлд таатай байдлыг,зочинд зориулж бэлдсэн гурилтай шөл, сүүтэй цай, шинэхэн өрөмийн амттайг магтжээ. Мөн тэдний аж байдал, цалин хөлсийг хүртэл тодорхой дурдаж бичсэн нь урьд өмнө ийм өгүүлэл уншиж үзээгүй бидэнд цоо шинэ сэтгэгдэл төрүүлснийг хэлэх юун. (Бадам сард 650-750 төгрөг цалинтай, түлшинд жилд 500 төгрөг, сар бүр цахилгаанд 15-30 төгрөг) Манай сэтгүүлчид яахлаар ингэж бичдэггүй вэ, гэсэн асуудал төрүүлсэнийг ч дурдмаар байна. Энэхүү жирийн амьдралтай хүмүүстэй танилцуулсны дараа «Онцгой эрх дархтай хүмүүс» гэсэн сэдэвээр хүний анхаарлыг огцом татах нь учиртай байж. Уншингуут, «Ийм байх учиргүй шүү дээ!» гэсэн санаа төрлөө. Өдий хүртэл «гадаадын мэргэжилтэн» гэсэн алдараар дуудагддаг ЗХУ болон европын социалист орнуудаас монголд ажилладаг хүмүүсийн талаар «эдгээр хүмүүсгүйгээр бид юу ч хийж чадахгүй» гэсэн ойлголт бидний ой тойнд гүн шингэсэн байж. Гэтэл, уг өгүүлэлд тэдний талаар тодруулсан зүйл эрх биш хүний дургүйг хүргэмээр байлаа.
Тэдний цалин дунджаар сард 2800-3000 төгрөг, гэвч орон сууц, цахилгаан, унаа, эмнэлэг, бусад бүх үйлчилгээ үнэгүй. Бас тэдэнд бүх эд бараагаар дүүрэн тусгай дэлгүүр үйлчилнэ, түүнд монгол хүмүүс орох эрхгүй гэнээ. Тэдний ямар нэгэн эрэл хэрэгцээг цаг алдалгүй даруй бүтээж өгөх дүрэмтэй. Тэд амралтын хугацаанд монголын аль ч нутгаас ан агнах, загас барих эрхтэй, хэн ч тэдэнд хорио тавьж чадахгүй. Ийнгээд эдгээр мэргэжилтэн нарын цадталан жаргаж, давхар баяжиж явааг монгол хүмүүс өөрсдийн зочиломтгой байдал мэт үздэг байна...» Уг өгүүлэлийн нэг онцлог нь хүнийг дахин уншмаар санагдуулаад унших тусам хүн өөрийнхөө жинхэнэ төрөх байдлыг анхаарч ойлгодог байлаа. Манай улсын сэтгүүлчдээс тэс өөр бичих маяг нь бол зөвхөн бодит амьдралыг яг байгаагаар нь бичдэгдээ л байгааг мэдлээ. Өгүүлэлийн сүүлчийн сэдэв болох «Дарга, хурал хоёр» бол бүр ч бидний сонирхолыг татлаа. Дээрхи өгүүлсэн Мюллерийн танил эмэгтэй Бадамын ажлын газрыг үзэж дахин уулзаж, ярилцахаар хэд дахин зорьж очиход тэд үргэлж хурал хуралдаж байхад нь таарчээ. Учирыг лавлахад үйлдвэрийн ажилчид долоо хоног тутам хэдэн цагаар үргэлжлэх долоо-найм төрлийн хуралд оролцдогоо олж мэджээ. Тэр хурал гэдэг нь үйлдвэрийн намын үүрийн, залуучуудын эвлэл, үйлдвэрчний эвлэл, эмэгтэйчүүдийн зөвлөл, үйлдвэрийн бригадын болон цехийн удирдалгын гэхчилэн... тус бүрийн дарга нар нь үргэлж хурал хийдэг байна. Бадамтай нэг уулзаж ярилцахад, энэхүү байгуулгуудын хурлаас гадна социализм байгуулах замд хүн бүр бат тууштай байх улс төрийн лекц гэж бас байдаг гэж хэлжээ. Энэ эмэгтэй ийм олон хурлаас болж жинхэнэ ажлаа арай гэж амжиж, өөрсдийн гэр бүлдээ анхаарал тавих нь нэн хэцүү гэж үнэнээ хэлжээ. Гэвч сэтгүүлч Жэймс бол уг өгүүлсэн байдлыг огт шүүмжлэх талаас бичээгүй зөвхөн үзсэн, харсан, чихээрээ сонсон зүйлээ л бичсэн байлаа.
Сүүлчин өгүүлвэрт бичсэн дүгнэлт нь: «Монголд хурал их хийдэг, дарга хүн олонтой юм гэсэн бодол төрөв» гэжээ. Энэ өгүүлэлийн халуун нь арай хөрөөгүй байхад «Үнэн» сонинд уг нийтлэлийг зад шүүмжилсэн өгүүлэл гарч амжив. Бид бас л идэвхтэй нь аргагүй уншиж гарлаа. Шүүмжлэлтэй хандсан хэд хэдэн өгүүлэл бүгд америкийн сэтгүүлчийн өгүүлэл дэхь бичсэн байдлыг огт тоож үзээгүй байна. Нөгөө л жанжин шугамын дагуу: «Зэвүүн, муу санаатай хөрөнгөтний сэтгүүлч манай социалист амжилтыг үзэн яджээ, агуу ухаантай Намынхаа ялагдашгүй үзэл бодолыг гүтгэжээ» гэсэн нэг л утагтай дүгнэлийг дөрвөн зүг, зургаан зовхисын талаас бичиж сонингийн нүүр дүүргэжээ. Үүнийг уншингуут бид ч гэсэн хөрөнгөтөний сэтгүүлчийн толгой эргүүлсэн нийтлэлээс даруй татгалзаж, «Зөв, агуу намынхаа жанжин шугамаас хэзээ ч гарахгүй!» гэсэн ухаантай, сүр жавхлантай үг хэлж байгуулга бүр хуралдаж орхив. Гэвч энэхүү энгийн өгүүлэлийн үр нөлөө «казармийн социализмийн үмхий агаарт хордсон» хөөрхий ард түмэнд, өрөөнийхөө салхивчийг нээж өгсөн шиг боллоо. Хуучин цаг өнгөрч ерин үе ирж буйг илтгэж Монголд өрнөж эхэлсэн «Өөчлөн байгуулалтыг» өөртөө ашигтайгаар эргүүлэх гэсэн МАХН-ын косметик өөрчлөлт хийх санаачилга нь түүнийг бүр балран унах тийшээ хөтлөв. Энэхүү түүхийн боломжыг оновчтой ашигласан монголын цогтой залуучууд хамгийн түрүүнд чөлөөт хэвлэлд амжилт оллоо.
Анхны «Ардчилал» сонин улс даяар тархлаа. Уг сонингийн малгай дээр нь бичсэн «Чөлөөт амьдралын төлөө!» гэмээх уриа лоозон үгийг уншаад сэтгэлд таатай байсан ч нөгөө «Дэлхийн пролетар нар нэгдэхтүн!» гэсэн үгийг үгүйлэн, хүзүүг ороосон гинжиндээ хайртай боол шиг яахаа мэдэхгүй алмайрсанаа ч нуух юун.
Гэвч уг цоо шннэ сонин бол урд өмнө бичих, хэлэх байтуугай бодож үзээгүй зүйлүүдийг энгийн бөгөөд маш тодорхой бичсэн нь бидний гацсан санааг амилуулж, хүн шиг бодож болох байдалд хүргэсэн нь одоо бодоход нэн таатай билээ. «Ардчилалд» нийтлэгдсэн анхны өгүүлэлүүд голцуу Монгол орны ЗХУ-ын дарлалд орж, колончлолын байдалтай байгааг илчилжээ. ЗХУ бол Монголыг улс төрийн, эдийн засгийн болон оюун ухааны талаас боолчлолд оруулсан гэжээ. Түүнийг бодит баримтаар гэрчилжээ... Мөн энэ талаар Япон, Солонгос зэрэг бусад гадаад оронд худалдаа, хэлэлцээр хийх санаачилга гаргасан Лоохуз, Сурмаажав, Төмөрочир зэрэг эх оронч залуу хүмүүсийг жараад оны үед хэлмэгдүүлсэний тухай хэн ч хэлж зүрхлээгүй явсан түүхийг ч дурьдаж эхлэв. Өөрөөр хэлвэл Орос орон Монголын цусыг сорж, шүүсийг үлдээжээ, хэмээх үүнээс хэдэн жилийн өмнө хэлсэн бол шууд шоронд явуулах хэмжээний олон янзын үг чөлөөтэй бичигдэж эхэлжээ. (Уг бичсэн зүйл оргүй хоосон үг биш болох нь Монгол орон ардчилсан замд орж, зах зээлийн эдийн засагт шилжсэн анхны хорин хэдэн жилд Улаанбаатараас Өлгий хүртэх хол замд хар замтай болж, хамгийн алслагдсан сум болох Баян-Өлгий аймгийн Булган сум өндөр хүчтэлтэй цахилгаантай болсон явдал үүнийг баталж байгаа байх) Социалдемократ хөдөлгөөний «ҮГ» нэртэй шинэ сонин манай сумд бас хүрч ирж билээ. Түүний эхний нүүрэнд бидний нүд дассан хүн төрөлхтөний агуу их удирдагч «Ленин өвөөгийн» танил зурагын дор «Дэлхийн хамгийн алуурчин хүн» хэмээх өгүүлэл нийтлэгдсэн байлаа. Үүнийг уншаад итгэж ядан, ухаан санаа балартах шиг болов. Уг өгүүлэлд Ленин бол цуст хувьсгал гаргаж Орос гүүрэн даяар тархсан иргэний дайнаар олон зуун энгийн хүмүүсийн амийг бүрэлгэсэн, төрийн эрхийг гартаа барьсаны дараа «улаан терророор» оросын дээдсүүдийг хүйс тэмтэрч, хүмүүсийн шашин шүтлэгт халдаж гэм зэмгүй олон мянган хүнийг буудан алжээ, гэж бичсэн байлаа.
Ийм хэмжээний үнэн мөнийг тодруулсан цөөнгүй нийтлэлүүд түүхийн мананд нойрмоглосон ард түмэнийг сэрээж, улс орны шинэ хүчин болох залуучууд толгойлуулан энгийн ард түмнийг дагуулан «Ардчилсан холбоог» зохион байгуулж дээд удирдлагад шаардалга тавилаа.
Улс орныг зөгнөлийн коммунизмээр хуурч, олон таван их хурлын хоосон төлөвлөгөөгөөр ард түмнийг удирдаж ирсэн МАХН-ын «есөн товчоог» огцруулах төв талбайн цуглаан амжилттай яллаа. Ардчилсан цуглааны ачаар дээд удирдлага огцорч, олон намтай, чөлөөт сонгууль хийх түүхэн нөхцөл бүрдсэн билээ.
Анхы чөлөөт сонгуульд «Ардчилсан хөдөлгөөн» болон бусад шинэ намын талаас Их Хуралын гишүүний бараг тал хувийг эзлэв. Урьд ганцаараа толгойлж байсан МАХН ч гэсэн өөрийн хуучин эрх мэдэл ба захиргааны нөөц хүчийг ашиглан ихэнх байр сууриа хадгалсан ч цаг үеийн шинэчлэлтэй хол байх боломжгүй болсон бөгөөд хүнд суртал болон захиргаадалт хийх чадлаа бүрэн алдсанаа харуулав. Шинэ байгуулагдсан Их Хуралын анхны хуралдаанаар Үндсэн Хуулинд том өөрчлөлт оруулах, эдийн засгийг зах зээлд шилжэх, удаан жил нэгдэл хэмээх дундын хөрөнгө болсон малыг малчидад олгож хувийн аж ахуйг хөгжүүлэх, иргэн бүр гадаад орнуудаар чөлөөтэй гарч, цагаачилах хууль гарсан нь МАХН-ын олон жилийн хоосон хуралдаанаар хүрч чадаагүй зорилтыг цөөн жилийн дотор хүрэх боломжын хаалгыг нээсэн юм... Үүнийг нүдээрээ үзсэн өвгөн коммунистууд «Ардчилсан хөдөлгөөний» амьд үйл ажиллагааг эрх биш хүлээн зөвшөөрч, өөрсдийн олон жил хоосон хурал, дэмий төлөвлгөөгөөр өнгөрүүлсэн хайран жилээ дотроо харамсаж байсан нь гарцаагүй.
Учир нь, мухардалд орсон казармын социализмаас татгалзаж, улс орныг бүх талаас нь аврах ганц зам бол, «эхлээд улс төрөө ардчилах ба дараа нь эдийн засгийг чөлөөт, шударга өрсөлдөөнтэй чиглүүлэх» гэсэн чиг шугамыг ардчилалын удирдалга гол зорилго болгосон аж. Энэ нь дэлхийн орнуудад аль хэдийн батлагдсан аксиома-концепси билээ. Харин уг концепсийг хэрэгцээгүй гэж үзсэн урьд Оросын нэгдсэн гүүрний дор байсан Казахстан улсын Назарбаев тэргүүлсэн хуучин партократуудын «эхлээд эдийн засаг, дараа нь улс төр» хэмээх чиглэл нь гучин жилйн турш ямар ч амжилтанд хүрээгүй болох нь одоо тодорхой батлагдаж байна. Учир нь чөлөөт зах зээлийн системийг хуучин коммунист аргаар удирдах боломжгүй нь тодорхой билээ. Одоогийн өргөн еврази тивийн орнуудын дунд Монгол орон энэхүү түүхэн өөрчлөлтийн ачаар бүх талаар ардчилсан орон болох нь маш их баярламаар зүйл гэж бид үзэх ёстой. Гэвч, нэгэн мэргэн хүн: «Зоригтой, шударга цөөн хүмүүс сайн нийгэм байгуулдаг ба түүний ачыг зальтай хүмүүс үздэг. Зальтай хүмүүс хувийн эрх ашгийг урьдаа тавьж дахин муу нийгэм үүсгэдэг» гэжээ. Монгол орон одоо үүний аль талд байгаа бол доо? Энэ асуудлыг өнгийж шинжэхэд «АРДЧИЛАЛ» бол аяндаа том залуу болдоггүй харин нярай хүүхэд шиг үргэлж тордож байхыг шаарддаг амьд зүйл болохыг харуулж байна.
сэтгүүлч, орчуулагч: АБАЙ МАУХАРА
Зохиолчийн тухай товчхон: Баян-Өлгий аймгийн Булган сумд төрж өссөн, 1980-онд Улсын Анагаах Ухааны дээд сургуулийг төгсөн Сэлэнгэ аймгийн Орхонтуулд, Баян-Өлгий аймгийн Алтай, Булган сумд их эмчиийн ажил хийж байгаад 1991-онд Казахстан улсад хөдөлмөрийн гэрээгээр нүүж, өдгөө Алматад хотод амьдардаг. Казахстаны Зохиолчдын Эвлэлийн болон Монголын Казах зохиолчдын Холбооны гишүүн. 1984-онд Д.Мягмарын «Үер» туужийг орчуулж Өлгийд хэвлүүлсэн мөн О.Дашбалбарын «Уулс минь», Баабарын «Бүү март!» зэрэг зохиолыг орчуулсан. Монголын Ардчилсан Хувьсгалын ахмад зүтгэлтэн. Лувсанданзангийн «Алтан товчыг» орчуулж 1998-онд болон 2009-онд Алмата хотод хэвлүүлсэн. 2004-онд «Сувашид» зохиолыг Астана хотод хэвлүүлж гаргасан, 2010-онд Ц.Доржготовын «Улаан орхимжны давалгаа» романыг, 2018-онд Зян Руны «Чонон сүлд» зэрэг романыг казах хэлнээ орчуулж тухайн улсын хэд-хэдэн уран зохиолын сэтгүүлээр уншигч олонд хүртээжээ. 2013-онд Түрк гаралтай эрдэмтэн Саид Нурсийн Гэгээн Кураны тайлбар болох «Гүн утгатай үгс» хэмээх томоохон зохиолыг орчуулж Улаанбаатар хотноо хэвлүүлэн Ислам шашиныг сонирхдог олны хүртээл болгожээ.
Сэтгэгдэл2
Өгүүллэг дурсамжуудыг нь уншиж бсн мундаг сэхээтэн байна гэж хүндэтгэж явдаг
үүнийг уншаад бичиг үсэгт тайлагдаагүй мундаг " хүн бас байдаг байх нь ээ гэж бодж байтал аргагүй юм хөөрхий , хасаг хүн байж ...