sonin.mn

ПАРИС, 2025 оны хоёрдугаар сарын 12 /DW/. Хиймэл оюун ухааны асуудлаарх дээд хэмжээний уулзалт /AI Action Summit/ Францын нийслэл Парис хотноо боллоо. Уулзалтын дараа гаргасан мэдэгдэлд АНУ, Их Британийн төлөөлөгчид гарын үсгээ зураагүй тухай Елисейн ордноос мягмар гарагт нийтэлсэн баримт бичигт дурджээ. Хүртээмжтэй, тогтвортой хиймэл оюуны тухай уг мэдэгдэлд "олон улсын хүрээнд хиймэл оюуны нээлттэй, хүртээмжтэй, ил тод, ёс зүйтэй, аюулгүй, найдвартай, итгэл даах байдлыг хангахыг" гол зорилтуудын нэг хэмээн тодорхойлсон байна.  


Мөн "дижитал тэгш бус байдлыг багасгах", "зах зээлийн төвлөрлөөс сэргийлэх", "хөдөлмөрийн зах зээлийн ирээдүйд эергээр нөлөөлж, тогтвортой өсөлтийг бий болгох хиймэл оюуныг хөхиүлэн дэмжих", түүнчлэн "олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх" шаардлагатай байгааг дурджээ.


Уг баримт бичигт Герман, Хятад Европын Комисс (EC), Европын Зөвлөл зэрэг 73 улс орон, байгууллага нэгдсэн байна. Мэдэгдэлд нэгдээгүй талаараа АНУ ямар нэгэн тайлбар хийгээгүй бол Их Британийн Ерөнхий сайд Кейр Стармер мэдэгдэхдээ "бид зөвхөн Их Британийн үндэсний ашиг сонирхолд нийцсэн санаачилгад гарын үсэг зурна" гэжээ. Европын Комиссын /ЕК/ дарга Урсула фон дер Ляйен, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нарын уулзалтыг хааж хэлсэн үгийг Америкийн төлөөлөгчдийн тэргүүн, дэд ерөнхийлөгч Жеймс Дэвид сонсоогүй гэж Ройтерс агентлаг мэдээлжээ. Харин Вэнс ЕК-ын дарга, Францын удирдагч нартай тусдаа уулзалт хийсэн байна. 


Хиймэл оюуны салбарын хэт зохицуулалт нь энэ дэвшилтэт салбарыг нурааж болзошгүй гэж бид үзэж байна гэж Вэнс хэлээд АНУ энэ салбарт давамгайлсаар байхыг хүсэж буйг дурджээ. "Америкийн хиймэл оюун нь авторитар цензүүрийн хэрэгсэл болж хувирахгүй" гэж тэрбээр хэлсэн нь хэт зохицуулалттай холбоотой бололтой.


Хятадын "DeepSeek" программтай холбоотой асуудлуудад Вэнс шууд тайлбар хийгээгүй боловч бусад улс орон АНУ-ын "мэдээллийн дэд бүтцийг булаан авахаар оролдож байна" гэж мэдэгдсэн байна. Францын Ерөнхийлөгч Э.Макрон үг хэлэхдээ, тус улс "Notre Dame de Paris strategy" хэмээн нэрлэсэн стратегийг баримтална гэдгийг тэмдэглээд 2019 оны түймрийн дараа Парисын Эх дагинын сүмийг амласан ёсоор сэргээн засварлаж дууссаныг дурджээ.


"Бид тодорхой хугацаатай амлалтаа биелүүлж чаддаг гэдгээ дэлхий дахинд харуулсан" гэж тэрбээр хэлсэн байна. Мөн Франц улс ойрын жилүүдэд хиймэл оюун ухааны салбарт 109 тэрбум евро буюу 113 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгааг хэдэнтээ дурджээ.


Харин Урсула фон дер Ляйен мэдэгдэхдээ, хиймэл оюуны тухай хуулийг (AI хууль) стандартчилахад чиглэсэн зарчмуудыг энэ салбарын зохицуулалтад нэвтрүүлнэ гэсэн байна. Тэрбээр мөн “InvestAI” санаачилгын хүрээнд Европ даяар 200 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгааг мэдэгджээ. Үүний хүрээнд нарийн төвөгтэй загваруудыг хөгжүүлэхэд шаардлагатай хиймэл оюуны гигафабрикуудад 20 тэрбум еврогийн хөрөнгө оруулах аж. Энэхүү санаачилга нь найдвартай хиймэл оюуныг хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн томоохон түншлэл болно гэдгийг ЕК-ын дарга онцолсон байна. 


Хиймэл оюун ухаантай ажиллах тухай шинэ хууль ЕХ-ны орнуудад хоёрдугаар сарын 2-ноос хэрэгжиж эхэлсэн юм. Уг хуульд (AI Act) зааснаар "үндэсний аюулгүй байдалтай холбоотойгоос бусад тохиолдолд аюулгүй байдал, эрүүл мэнд, үндсэн эрхүүдэд эрсдэл үүсгэдэг хиймэл оюуны системийг хоригложээ.


Тухайлбал, хүний нийгмийн зан төлвийг үнэлдэг хиймэл оюуны программыг ашиглахыг хоригложээ. "Нийгмийн үнэлгээ"  (social scoring) гэгддэг энэ аргыг Хятадад хэрэглэдэг бөгөөд иргэдийг зан байдлаар нь ангилж, тохирох урамшууллыг олгож эсвэл шийтгэдэг байна. Мөн Европт ажлын байр болон боловсролын байгууллагад сэтгэл хөдлөлийг таних системийг хоригложээ.


Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг