sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 12 /DW/. Дөрвөн жилийн өмнө баривчлагдаж, улмаар хоригдож байсан АНУ-ын иргэн Марк Фогелийг Оросын тал суллажээ. Энэ тухай мягмар гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах Майк Уолтц мэдэгдэв.

“Солилцоо хийх яриа хэлэлцээг Ерөнхийлөгч Трамп, Стив Уиткофф, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд хийсэн, энэ бол Оросын тал дайныг зогсоох хүсэлтэй байгаагийн илрэл, мөн бид Украинд болж буй аймшигт дайныг зогсоохын тулд зөв чиглэлд явж байгаагийн илрэл мөн" гэж тэрбээр онцолжээ. 




Д.Трампын тусгай элч Фогелийг авахаар Орост очсон байна. “Ерөнхийлөгч Трампын хичээл зүтгэлийн ачаар Марк Фогель өнөө орой эх орондоо, гэр бүлдээ, ойр дотныхондоо ирнэ” гэж Уолтц хэллээ. 




Цагаан ордны мэдэгдлээс эш татан AFP агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгчийн Ойрх Дорнодын асуудал эрхэлсэн тусгай элч төлөөлөгч Стив Уиткофф Фогелийг суллахад оролцсон бөгөөд мэдэгдэл хийх үед тэдний суусан онгоц "Оросын агаарын орон зайгаас гарсан" байжээ.


Израил ба ХАМАС хөдөлгөөний хооронд гал зогсоох хэлэлцээр байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн Уиткофф сүүлийн үед Орост очсон Америкийн анхны өндөр албан тушаалтан болсон байна. 

АНУ-ын иргэнийг сулласан нь Оросын тал гал зогсоохын дохио байж магадгүй гэж Цагаан ордныхон үзэж байна. 




Марк Фогелийг 2021 оны наймдугаар сарын 15-нд Шереметьево нисэх онгоцны буудалд баривчилжээ. Түүнийг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хил давуулсан, олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, үйлдвэрлэсэн хэрэгт буруутгасан байна. 




Фогель Англи-Америкийн сургуульд багшилдаг байсан бөгөөд өмнө нь Москва дахь АНУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байжээ. 2021 оны тавдугаар сар хүртэл тэрбээр дипломат эрх эдэлж байв. 

2022 онд Химки хотын шүүхээс Фогелийг хар тамхи хууль бусаар хил давуулсан хэргээр чанга дэглэмтэй хорих ангид 14 жил хорих ял оноожээ. Тэрбээр шүүх хурлын үеэр "нугасны мэс засалд орсныхоо дараа эрүүл мэндийн шалтгаанаар марихуан хэрэглэсэн" гэж мэдэгдсэн байна. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг