![sonin.mn](/storage/news_images/173934526267ac236f2236d.png)
ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 12 /Reuters/. АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент энэ долоо хоногт Украиныг зорино гэж Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт нийгмийн сүлжээний хуудсаараа дамжуулан мэдэгджээ. АНУ-ын засаг захиргаа Орос-Украины дайныг зогсоож, Украины байгалийн баялгийг Америкт нийлүүлэх боломжийг бүрдүүлэхийг эрмэлзэж буй үед энэ айлчлал болох гэж байна.
Украинд айлчлах Д.Трампын засаг захиргааны анхны өндөр албан тушаалтан болох С.Бессент Украины газрын ховор элемент, эрчим хүчний нөөцийг АНУ-д нийлүүлэх боломжийг хэлэлцэхээр төлөвлөж байна гэж энэ талаар мэдээлэл бүхий эх сурвалж мэдээлжээ.
Мөн Украины төрийн өмчит зарим компанийн талаар ярилцах бололтой. Оросоос өөрийгөө хамгаалахад нь үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлэхийн тулд Украины газрын ховор элементүүдийг АНУ-д нийлүүлэх гэрээ байгуулах сонирхолтой байгаагаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Д.Трамп нар илэрхийлээд байна. Энэ долоо хоногт Европыг зорих АНУ-ын хэд хэдэн албан тушаалтан Киев болон Европын бусад холбоотны хамтаар Орос-Украины дайны байдлыг хэлэлцэнэ.
Тэдний дунд Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, дэд Ерөнхийлөгч Ж.Д.Вэнс, Батлан хамгаалахын сайд Пит Хегсет, Украины асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Кит Келлог нар багтаж байна.
Газрын ховор элемент бол цахилгаан автомашин, гар утас, пуужингийн систем болон бусад техникт ашиглагддаг металлууд юм. Тэдгээрийг орлуулах боломжтой металлууд байдаггүй тул эрэлт цаашид улам өсөх хандлагатай байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0