![sonin.mn](/storage/news_images/173932574466ef93dd3d230.png)
2-р сарын 10-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-д импортолж буй бүх ган, хөнгөн цагаанд 25 хувийн татвар ногдуулах тухай зарлигт гарын үсэг зурав. Тэрээр энэ үеэр хэлэхдээ, холбогдох шаардлагад "ямар ч үл хамаарах, чөлөөлөх зүйл байхгүй" гэжээ. АНУ-ын энэ алхам нь олон салбарт нэгэн зэрэг худалдааны дайн эхлүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй гэж Ройтерс агентлаг дүгнэв.
2022 оны 12-р сард Дэлхийн Худалдааны Байгууллага шинжээчдийн бүлгийн тайлан гаргаж, АНУ-ын 2018 онд импортын ган, хөнгөн цагаан бүтээгдэхүүнд татвар ногдуулах арга хэмжээ нь ДХБ-ын холбогдох дүрэм журмыг зөрчсөн гэж үзжээ. Хятадын Олон Улсын Радио энэ тухай: "Энэ удаад АНУ дахин ган, хөнгөн цагааны төлөөх "дэлхийн худалдааны дайн"-ыг эхлүүлж, ДХБ-ын шийдвэрийг үл тоомсорлож, олон улсын худалдааны дэг журмыг ноцтойгоор алдагдуулж, дээрэлхэх, ноёрхогч зангаа дахин харууллаа.
Трампын эдийн засгийн алсын хараанд тариф нь үйлдвэрлэлийг эх оронд нь буцаах, ажлын байрыг хамгаалах, орлогыг нэмэгдүүлэх гол хэрэгсэл юм. Гэсэн хэдий ч өнгөрсөн түүхүүдийг эргэн харахад АНУ зорилгодоо хүрэхэд хэцүү байж магадгүй.
АНУ-ын ган, хөнгөн цагаанд татвар ногдуулах нь дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Хятадад хэрхэн нөлөөлөх бол гэж олон хүн санаа зовж байна. Үнэн хэрэгтээ өнгөрсөн оны есдүгээр сард АНУ Хятадын ган, хөнгөн цагааны экспортод 25 хувийн татвар ногдуулах тухай зарласан ч нөлөөлөл нь хязгаарлагдмал байсан. Одоогийн байдлаар АНУ-д хийсэн шууд экспорт нь Хятадын нийт гангийн экспортын дөнгөж 0.8 хувийг эзэлж байгааг тоо баримт харуулж байна. Хятад Улс хямдралын эсрэг болон нөхөх гаалийн татвар өндөр байгаа тул АНУ-д хөнгөн цагааны экспорт төдийлөн гардаггүй. 2023 онд АНУ-д хийх экспорт нь Хятадын нийт хөнгөн цагааны экспортын дөнгөж 4.6 орчим хувийг эзэлж байсан юм. Үүний эсрэгээр, Хятадаас АНУ-д хийж буй хөнгөн цагааны бүтээгдэхүүний экспорт нь нийт экспортынхоо 10 гаруй хувийг эзэлдэг тул нөлөөлөл нь илүү байж магадгүй юм. Гэвч АНУ-ын Засгийн Газар импортлогчдод татвар ногдуулдаг бөгөөд эдгээр татварын дарамтыг эцсийн дүндээ Америкийн хэрэглэгчид үүрдэг гэдгийг салбарынхан онцолж байна. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон саяхан хэлэхдээ, АНУ олон салбарт татвар ногдуулах нь "АНУ-д үнийн өсөлт, инфляцийг бий болгоно" гэжээ. Ассошиэйтед Пресс агентлаг мөн нийтлэлдээ "Трампын тариф инфляцийг тогтвортой барина гэсэн амлалттай зөрчилдөж байна" гэж онцлон тэмдэглэсэн бөгөөд эцсийн дүндээ Америкийн ард түмэн төлбөрөө төлөх болно.
Худалдааны дайн, тарифын дайнд ялагч гэж байдаггүй бөгөөд энэ нь олон удаа нотлогдсон үнэн юм. АНУ худалдааны түншүүдийнхээ дуу хоолойг анхааралтай сонсож, Америкийн компаниуд болон хэрэглэгчдийн эрх ашгийг үнэнхүү анхаарч, эдийн засгийн эрүүл өрсөлдөөний замд эргэн орох ёстой. Эцсийн эцэст, худалдааны ивээх үзэл нь зөвхөн "хор хөнөөл" авчирдаг болохоос биш "хамгаалалт" гэж байхгүй." гэжээ.
Г.Бямба
Сэтгэгдэл0