![sonin.mn](/storage/news_images/173915763267a96c4125dee.png)
КАНБЕРРА, 2025 оны хоёрдугаар сарын 10 /CNN/. Нисэх онгоцоор зорчиход хөлөө тавих зай хэр чухал вэ? Тэгвэл энэ асуултын хариулт нь “тун чухал” болохыг AirlineRatings.com-оос жил бүр танилцуулдаг шилдэг агаарын тээврийн компаниудын жагсаалт харуулжээ.
Австралид төвтэй нисэхийн аюулгүй байдал, бүтээгдэхүүний үнэлгээний тус агентлагаас тодруулдаг шилдэг 25 агаарын тээврийн компанийн жагсаалтад “Korean Air” компани өнгөрсөн жилийн тэргүүн байрын эзэн “Qatar Airways”-ийг ардаа орхисноор 2025 оны шилдгээр шалгарсан байна.
Өмнөд Солонгосын үндэсний далбааг тээгч тус компани “зорчигчдын тав тухыг” эрхэмлэдэг нь тэргүүн байр эзлэх гол хүчин зүйлүүдийн нэг болсныг тайланд дурджээ. “Korean Air”, “Japan Airline” компаниудын энгийн ангиллын суудал нь дэлхийн аль ч агаарын тээврийн компанийнхаас илүү өргөн зайтай байдаг. “Korean Air” компани нисэх онгоцны суудлын анхны загварыг хэвээр хадгалж, энгийн ангиллын зорчигчдын хэрэгцээг нэн тэргүүнд тавьж байгааг сайшаасан байна. Харин бусад агаарын тээврийн компани 777 онгоцны эгнээ бүрт 10-р суудлыг нэмж, суудлын зайг 31-32 инч /анх 32-33 инч байсан/ болгон бууруулсан бол “Korean Air” ийм чиг хандлагыг дагахгүй байхаар шийдвэрлэсэн гэж “AirlineRatings.com”-ийн гүйцэтгэх захирал Шерон Петерсен мэдэгджээ.
“Korean Air” мөн “Asiana Airlines”-тай саяхан нэгдсэн нь тус компани тэргүүлэх байр суурийг эзлэхэд нөлөөлсөн хүчин зүйл болсныг онцолсон байна. Энэ нь Азийн агаарын тээврийн салбарын түүхэн дэх хамгийн том нэгдэх үйл явц болжээ. Жагсаалтын гуравдугаарт “Air New Zealand”, дөрөвдүгээрт “Cathay Pacific” бичигдсэн байна.
Шилдэг 25 агаарын тээврийн компани бүгд цогц үйлчилгээ үзүүлэх, хамгийн багадаа 31 инчийн зайтай суудалтай байх зэрэг тодорхой шаардлагуудын хангаж байна. “Эдгээр шагнал бол нэр алдрын төлөөх өрсөлдөөн эсвэл хүмүүсийг сонгон шалгаруулсан хэрэг биш юм. Агаарын тээврийн салбарын мэргэжилтнүүдийн хувьд бид аялагчдад чанар, үнэ цэн, аюулгүй байдлын тал дээр хамгийн сайн агаарын тээврийн компаниудыг сонгоход нь туслахын тулд ангилал тус бүрд нарийвчилсан үнэлгээ хийсний үндсэн дээр шилдгүүдийг тодруулсан” гэж Ш.Петерсен тайлбарлажээ. Үүний зэрэгцээ AirlineRatings.com-оос 2025 оны хямд өртөгтэй 20 агаарын тээврийн компанийн жагсаалтыг тодруулахад “AirAsia” тэргүүлж, “Jetstar”, “AirBaltic” компаниуд хоёр, гуравдугаар байрт орсон байна.
AirlineRatings.com: 2025 оны шилдэг 25 агаарын тээврийн компани
- Korean Air
- Qatar
- Air New Zealand
- Cathay Pacific
- Singapore Airlines
- Emirates
- Japan Airlines
- Qantas
- Etihad
- Turkish Airlines
- EVA Air
- Fiji Airways
- Virgin Atlantic
- ANA
- Aero Mexico
- Air Caraibes
- Thai Airways
- Starlux
- Vietnam Airlines
- Sri Lankan Airlines
- Air France
- KLM
- Air Calin
- Air Mauritius
- Garuda Indonesia
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Удахгүй онгоц сүйрсэн ч хүний амь нас эрүүл мэндээрээ хохирдоггүй онгоц зохион бүтээнэ гээд байсан хурдан бүтээгээсэй.