sonin.mn

Латви, Литва, Эстони улсууд Европын Холбооны эрчим хүчний нэгдсэн сүлжээнд амжилттай холбогдож, Орос, Беларусийн нэгдсэн системээс гарсан тухай Литвийн Ерөнхийлөгч Гитанас Науседа ням гарагт мэдэгдлээ. “Хэдхэн минутын өмнө би сайхан мэдээ хүлээн авлаа. Балтийн орнуудын цахилгаан эрчим хүчний системийг Европын эх газрын сүлжээнд холбох ажил амжилттай дуусчээ. Энэ бол түүхэн цаг мөч бөгөөд бид эрчим хүчний хувьд бүрэн бие даасан байдалд хүрч чадлаа. Улс төрийн дарамт шахалтын үе эцэс боллоо” гэж Науседа хэлэв. 


Энэ үйл явдлыг тохиолдуулан хийсэн хэвлэлийн хуралд Эстонийн Ерөнхийлөгч Алар Карис, Латвийн Ерөнхийлөгч Эдгарс Ринкевчс, Европын Комиссын дарга Урсула фон дер Ляйен, Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда нар оролцсон байна.


Эрчим хүчний нэгдсэн системд холбох ажилд нийт 1,6 тэрбум евро зарцуулжээ. Зөвлөлтийн үеэс өнөөдрийг хүртэл Беларусь, Орос, Эстони, Латви, Литва улсууд БРЭЛЛ гэдэг цахилгаан эрчим хүчний нэгдсэн системд холбогдсон байсан юм.


Европын сүлжээнд холбох ажлыг Польшоор дамжуулан төлөвлөсөн хугацаанаас 10 сарын өмнө гүйцэтгэжээ. Уг ажлыг гүйцэтгэх тухай хамтарсан тунхаглалд 2023 оны наймдугаар сард гарын үсэг зурсан бөгөөд Балтийн улсууд 2022 оны тавдугаар сараас хойш Орос, Беларусиас эрчим хүч худалдан авахгүй байгаа юм. Балтийн гурван улсаас өмнө Турк, Украин, Молдова улсууд ЕХ-ны нэгдсэн сүлжээнд холбогджээ. 



Б.Адъяахүү