
ЙЕРУСАЛИМ, 2025 оны хоёрдугаар сарын 9 /DW/. Газын зурваст ХАМАС бүлэглэлийнхний барьцаанд байсан Израилын гурван иргэнийг бямба гарагт суллажээ.
Өдгөө 52 настай Эли Шараби, 56 настай Охад Бен Ами, 34 настай Ор Леви нарыг Улаан загалмай нийгэмлэгт хүлээлгэн өгсөн байна. Тэд өнгөрсөн сард байгуулсан гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд явагдаж буй тав дахь солилцоогоор суллагдсан хүмүүс болж байна.
ХАМАС бүлэглэлийнхэн барьцааны гурван хүнийг сулласны дараа Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяхугийн ажлын албанаас мэдэгдэхдээ, өнөөдөр харсан цочирдмоор зургуудыг өнгөлөн далдалж өнгөрөхгүй гээд, барьцаанд байгаа хүмүүст хэрхэн хандсаныг “хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг” гэж тодорхойлсон байна.
Газын зурваст барьцаалагдсан хүмүүсийг сулласны дараа Израйлын тал “Офер” шоронгоос Палестины 183 иргэнийг сулласан бөгөөд эхний автобус Баруун эргийн Рамалла хотод хүрчээ. Суллагдсан палестинчууд янз бүрийн шалтгааны улмаас баривчлагдсан бөгөөд зарим нь тэсрэх бөмбөгөөр халдлага үйлдсэн, зэвсэгт бүлэглэлийн үйл ажиллагаанд оролцсон хэмээн буруутгагдаж байжээ.
Тэдний зарим нь арав гаруй жил хоригдож байсан бөгөөд хоёр нь 2000-аад оны эхэн үеийн Палестины бослогын үеэр ХАМАС бүлэглэлийнхнийг энгийн оршин суугчид руу халдахад оролцсон байна. Суллагдсан хүмүүсийн 18 нь бүх насаар хоригдох ял авсан, 54 нь израилчуудын эсрэг халдлага үйлдсэн хэргээр удаан хугацаагаар ял эдэлж байжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
бүтээгч эзэнд сохроор итгэдэг нь хачирхалтай. Харь гаригийнхан яагаад эцэг, эх үр гурвын хуулиар будда шиг шашнаар манай дэлхийг хуурч болоогүй юм бэ