ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 6 /VOA/. Газын зурвас дахь ажиллагаанд оролцох "бүх боломжит хувилбарыг" Пентагон судлан хэлэлцэхэд бэлэн байна гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет лхагва гарагт мэдэгдэв.
Ерөнхийлөгч Дональд Трамп Газын зурвасыг хяналтдаа авч, сэргээн босгох бодолтой байгаагаа илэрхийлснээс нэг өдрийн дараа тэрбээр ийм мэдэгдэл хийлээ.
"Ерөнхийлөгч хайрцагнаас гадуур сэтгэж, өнөөг хүртэл шийдэгдэх боломжгүй мэт санагдаж байсан асуудлыг шийдвэрлэх шинэ, өвөрмөц, эрч хүчтэй арга замыг эрэлхийлэхэд бэлэн байна. Бид бүх хувилбарыг авч үзэхэд бэлэн байна" гэж П.Хегсет Израилын Ерөнхий сайд Биньямин Ненаньяхутай уулзахдаа мэдэгджээ.
Газын зурвасыг хяналтдаа авахдаа тус зурвас руу цэрэг оруулах талаарх эцсийн шийдвэрээ Д.Трамп гаргаагүй байна гэж Цагаан ордон лхагва гарагт мэдэгдсэн юм.
Д.Трампын энэ саналыг олон улс орон буруушаасан бол гадаадын тусламжийг зогсоох, төрийн байгууллагуудын тоог цөөрүүлэх зэрэг шийдвэрийг нь дэмжиж буй Конгресс дахь Бүгд найрамдах намынхны дунд санал зөрөлдөөн үүсгэжээ.
Тэрбээр энэ төлөвлөгөөгөө үнэхээр хэрэгжүүлэхийг зорьж байгаа эсвэл хэлэлцээний тактикийн арга хэрэгсэл болгон ашиглах гэж байгаа эсэх нь тодорхойгүй байна.
Хегсет мэдэгдэхдээ, Пентагоноос Израилд өмнө нь нийлүүлж байгаагүй зэвсгийг нийлүүлнэ гэв. Тодруулбал, Д.Трамп 2000 фунтын тэсрэх бөмбөгийг Израилд нийлүүлэхэд тавьсан Жо Байдены хоригийг хүчингүй болгосон юм. Ийм бөмбөг нь бетонон ба металл байгууламжуудыг нэвтэлж, хүчтэй цохилтын долгион үүсгэдэг байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
ZUV . MUSLIMUUDIIG BUGDIIG N USTGAH HTEI . GAZARIIG N TARIALAN BOLGOH HTEI