sonin.mn

Зөвлөлт Украинд цэргийн дээд сургуульд суралцан төгсгөж зэвсэгт хүчиндээ зүтгэж явсан олон арван офицерын нэгийн хувьд дайн байлдаан, давшилт хориглолтын талаар энгийн иргэдийг бодвол гадарлана. Тэр мэдлэг туршлагаараа өнөөгийн Орос-Украины энэ дайныг харж, оперативын цагийн байдлыг үнэлдэг. Фронтын мэдээнүүд Орост тун ээлгүй байна. Оросын зэвсэгт хүчин стратеги–оперативын нөөцөө шавхан байлдаж байна. Бүтэн гурван жил өнгөрөхөд стратегийн ганц ч том ялалтгүй, маш их хохиролтой. Энэ сэдэвтэй холбогдуулан ерөөсөө Украин дахь бие бүрэлдэхүүний хохирлоо яагаад, яаж, хэрхэн дарагдуулж мэдээлдэг тухай баримтаас хуваалцая.

 

Бидний сайн мэдэх Афганы дайнд Зөвлөлтийн арми 15 031 цэргээ алуулсан, 53 753-ыг шархдуулсан, тэндэх цэргээс 415 932 нь өвчилсөн, халдварт шараар115 308, гэдэсний хижиг өвчнөөр 31 080, бусад халдварт өвчнөөр 140 665 цэрэг өвдсөн гэсэн албан ёсны мэдээ интернэт лавлахад бичээтэй байна.


Харин 1980-аад оны сүүлчийн зөвлөлтийн цэргийн “Маш нууц” ангиллын нэгэн мэдээнд Зөвлөлт нь Афганистанд 120 мянган цэргээ алдсан (алагдсан нь) гэж бичсэн байхыг би олж үзэж байсан. Улс төрийн зорилгоор, нийгмээ цочролд оруулахгүйн тулд, нийгмийн тогтвортой байдлын төлөө тэгж дарж мэдээлдэг, тэр чигт нь тэгж мэдээлээд архивладаг гэж үздэг юм билээ. Тэр бол дайн явуулж байгаа аль ч улсад тохиолддог практик гэж зөвтгөсөн ч оросууд тэгж хэт дарагдуулж мэдээлэх нь түгээмэл, хэвшмэл юм. Бүр хууль юм. Үнэнийг мэдээлбэл ял авна.

 

Яг одоо Украинд, мөн өөрийн Курск муждаа амьд хүчний маш их хохирол амсан байлдаж байна. Шинэхэн түгсэн мэдээгээр ОХУ нь 1 км² талбайд 148 цэргийн цогцос, эсвэл хүнд шархтан, гэвч давшилтаа үргэлжлүүлсээр, фронтын километр болгоны төлөө маш том хохирол амсан байгаа тухай мэдээлжээ.


Зөвхөн 2025 оны өнгөрөгч нэгдүгээр сарын дүнгээр бол алагдсан, шархадсан орос цэрэг 48 240, тэгэхдээ давшиж чадсан нь нийтдээ 325 км² талбай. Энэ тоог харьцуулж үзээд нэг квадрат километрт 148 цэрэг гэсэн тооцоо хийжээ. Энэ нь бараг хоёр суман цэрэг рүү дөхнө багцаагаар. Маш их цэргээ алуулан шархдуулан байж бага зэрэг урагшилдаг. 2024 онд нэг квадрат километрт 129 алагдсан ба шархадсан цэрэгтэй байсан бол 12 дугаар сараас гэнэт тоо өсч, 148 руу хүрчээ. 2024 оны хоёрдугаар хагаст нутаг дэвсгэр эзлэн авдаг хурд нь саарсан, харин үхэл хорогдол өссөн, бүр 200 цэргийн хохиролтой 1 км²-т тулалдаж байсан бодит үнэнийг Оросын командлал хүлээн зөвшөөрчээ. Экспертүүдийн тооцоолсноор ойрын хэдэн сард 200 цэргийн хохиролтой 1 км²-т байлдахаар байна. Кремлийн эрх баригчдын энэ дайн сульдаах, залхаах, нураах, сүйтгэх хэлбэрээр явагдаж байгаа тул Украин хохирохоос илүүтэй өөрийнх нь их цэрэг хамгийн ихээр хохирол амсаж байна. Оросын армийн шинэ давшилт болгон хүнд, эмзэг, учир нь “мясные штурмы” гэдэг нь оросын тактикийн нэрийн хуудас, таних тэмдэг нь болсон. Орос нь түүхнээсээ зэвсэгт хүчнээ колонийн арми мэт үзэж ирсэн, Оросын хөдөлмөрлөх насны эрчүүдийг хайр найргүй зольж үхүүлдэг, тэгснээрээ өчүүхэн ч атугай газар нутаг эзлэн авдаг.


Ийм утгагүй  атакууд нь ердөө л фронтын “мясорубка” буюу махны машинд жиргүүлдэг, XX зууны бүх дайн байлдаанд тэгж байлдсан, одоо ч мөн адил. Тэр утгагүй атакаа эр зоригийн баатарлаг явдал болгож хүн арддаа харуулдаг, цаадуул нь ч тэгж хүлээн аваад сурчихсан. Тийм учраас оросууд өөрсдийгөө алж устгаж байна хэмээн гадаадын цэргийн шинжээчид дүгнэдэг. Нутаг дэвсгэрийн өчүүхэн бага амжилт нь олон мянган хүний цус амиар бүтдэг. Ингэж ихээр цэргээ алдаад байх аваас хэрхэн нөхвөр хийх хувилбар Кремльд алга байна.


Украины зэвсэгт хүчин Оросын Курск мужид тусгай операц явуулаад хагас жил өнгөрлөө. Путин энэ тухай ам ангайхаа ч болилоо. Хойд Солонгос цэргээ гэнэт гэдрэг татлаа. Хятадын удирдагч Си дарга Кимийг албадаж цэргийг нь татуулсан гэх шуугиан дэгдлээ.


Курщинагаа Путин хэзээ ч чөлөөлж чадахгүй байж байгаад өөрөө дуусах юм биш байгаа? Дээр юу өгүүлнэ вэ? Украиныг бутцохиж ялах хөг нь өнгөрлөө. Балгас болгосон ганц нэг суурин, хотыг эзлэн авч болно. Оросын цэргийн тусгай ажиллагаа нэртэй дайныг “XXI зууны их яргалал харгислал” гэж генерал Залужный нэгэнтээ нэрлэсэн. Оросын суртал ухуулагчид өдөр бүр “Хэзээ ялах вэ?”, “Украинчууд бууж өгөх болоогүй юү?” хэмээн цөхөртлөө асууж цахиртан хашгачаад нэмэр алга. Орос эх орон нь дайнд ялна гэдэг эцсийн  горьдлого унтрахад тун ойрхон байна!