2024 оны 4 дүгээр сард хотын дарга Х.Нямбаатар БГД-ийн 29 дүгээр хороонд ажиллаж, "Эрин эверест интернешнл" сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авах ажлыг эхлүүлж байсан. Тэгвэл өнгөрсөн сард тус сургуулийг төрийн өмчид авсан юм. Ингэснээр дээрх хороонд байрлах "Эрин", "Өнөр" зэрэг хорооллын хүүхдүүд гэртэйгээ ойр улсын сургуульд суралцах боломжтой болоод буй. Мөн өнгөрсөн онд улсын сургууль, цэцэрлэггүй 12 хороонд газрын асуудлыг шийдвэрлэлээ. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Г.Батзориг нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний мэдээлэл өглөө.
НЗДТГ-аас БЗД-ийн 40 дүгээр хороо, Да хүрээгийн гудамж, БХИС-ийн зүүн хойно байршилтай 9126 ам метр газрыг “Баганат өргөө” ХХК-тай зөвшилцөн, эзэмшүүлсэн. Тус хороонд 1500 хүүхдийн суудалтай сургууль барих ажлыг өнгөрсөн оны 5 дугаар сард эхлүүлсэн бөгөөд ирэх онд ашиглалтад оруулах юм. Мөн БГД-ийн 25, 28 дугаар хороонд цэцэрлэг барих 2248 ам метр газар, сургууль барих 4365 ам метр газрыг шийдвэрлэж, 200 ортой цэцэрлэгийн барилгын ажлыг өнгөрсөн 6 дугаар сард эхлүүлсэн. Уг цэцэрлэгийг ирэх 8 дугаар сард ашиглалтад оруулна. Харин сургуулийн зураг төсвийг боловсруулж байна.
Зарим сургууль, цэцэрлэг барих байршил болон ажлын явцыг товч дурдвал:
- ХУД-ийн 17 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, Маршал таун хотхоны баруун урд талд 5000 ам метр газарт 200 ортой цэцэрлэг барих ажил үргэлжилж байна.
- ХУД-ийн 3 дугаар хороо, 4200 ам метр газарт 480 хүүхдийн суудалтай сургууль барих бөгөөд гүйцэтгэгч компани шалгараад байна.
- ХУД-ийн 18 дугаар хороо Их Монгол Улсын гудамж, Удирдлагын академийн зүүн талд 7077 ам метр газарт 640 хүүхдийн суудалтай сургууль барина.
- БЗД-ийн 4 дүгээр хороо, 97 дугаар сургуулийн урд 1281 ам метр газарт цэцэрлэг барина.
- БГД-ийн 24 дүгээр хороо, Алтай хотхоны хойд талд 8000 ам метр газарт сургууль барина.
- СБД-ийн 9,11 дүгээр хороо, Ногоон нуурын орчимд 811, 812 дугаар байрны хойд талд 15.000 ам метр газарт сургууль, цэцэрлэг барина.
- СБД-ийн 9 дүгээр хороо, Хоймор оффисын хойд талд 1499 ам метр газарт цэцэрлэг барина.
- БЗД-ийн 36 дугаар хороо, Хүннүгийн гудамж, "Сүмбэр орд" хотхоны зүүн талд 3300 ам метр газарт сургууль барина.
- БЗД-ийн 26 дугаар хороо, Нийслэл хүрээ өргөн чөлөө, “Sunshine” вилла хотхоны баруун талд 4000 ам метр газарт сургууль барих юм
Сэтгэгдэл0