ТОКИО, 2025 оны хоёрдугаар сарын 2 /TASS/. “Японы GPS” хэмээн нэрлэдэг хиймэл дагуулаар байршил тогтоох “Quasi-Zenith Satellite System” (QZSS) системийн “Мичибики-6” хиймэл дагуулыг хөөргөжээ.
Японы сансар судлалын агентлагаас (JAXA) мэдээлснээр, QZSS-ийн тав дахь хиймэл дагуулыг "H3" ангиллын зөөгч пуужингаар хөөргөжээ. “Мичибики” хиймэл дагуулуудын тоог 2026 он гэхэд долоо, 2030-аад оны эцэс гэхэд 11 болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.
Иргэний зориулалттай "QZSS" систем нь дэлхийн гадаргуу дээрх объектуудын байршлыг тодорхойлоход алдаа гарах магадлал нь хэдхэн сантиметр бол Америкийн "GPS" нь хэдэн метрээр алдах магадлалтай байдаг ажээ. "H3" бол Японы шингэн түлшээр ажилладаг хамгийн том зөөгч пуужин бөгөөд урт нь 63 метр, диаметр нь 5.2 метр, 4-6.5 тоннын даацтай юм. Уг зөөгч пуужинг "Mitsubishi Heavy Industries" компанид 2013 онд зохион бүтээсэн байна. Тус компани "H3"-ыг зохион бүтээж, шинэчлэн сайжруулахад 200 орчим тэрбум иен буюу 1.32 тэрбум ам.доллар зарцуулжээ. Шинэ пуужингийн зарим эд ангийг хийхэд 3D хэвлэгч ашигласан нь үйлдвэрлэлийн өртгийг бууруулсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0