sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны хоёрдугаар сарын 3 /CNN/. Газын зурвасын оршин суугчдыг хөрш улсууд руу нь нүүлгэх бодолтой байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп илэрхийлснийг Арабын орнууд эрс эсэргүүцэж байгаагаа мэдэгджээ.


Йордан, Арабын Нэгдсэн Эмират, Саудын Араб, Катар, Египетийн Гадаад хэргийн сайд нар бямба гарагт өргөн хүрээтэй асуудлуудаар мэдэгдэл хийж, Ойрх Дорнодод “хоёр улсын шийдэл”-д хүрэх асуудлаар Д.Трамптай хамтран ажиллана хэмээн найдаж байгаагаа илэрхийлсэн байна.


Үүний сацуу сайд нар палестинчуудыг Газаас нүүлгэн шилжүүлэх тухай Д.Трампын саналыг эсэргүүцжээ. Тэд АНУ-ын Ерөнхийлөгчийн саналыг тусгайлан дурдаагүй боловч “палестинчуудыг нутаг оронд нь байлгахын зэрэгцээ тус зурвасыг сэргээн босгоно гэдгээ дахин илэрхийлжээ”.


“Бид суурьшлыг өргөтгөх, албадан нүүлгэх, байшин барилгыг нураах, газар нутгийг нь өөртөө нэгтгэх, палестинчуудыг шууд хөөн гаргах эсвэл албадан нүүлгэх зэрэг тэдний эрхэд заналхийлж буй аливаа үйлдлээс эрс татгалзаж байна” гэж Каирт болсон Гадаад хэргийн сайд нарын уулзалтын дараа мэдэгдсэн байна.


Нэгдүгээр сард Д.Трамп мэдэгдэхдээ, Ойрх Дорнодын өөр газарт орон сууц барьж, Газын зурвасаас 1 сая гаруй палестинчуудыг хөрш орнууд руу нүүлгэн шилжүүлэх талаар Йорданы хаантай ярилцсан гэжээ. “Миний бие Газын зурвасыг бүхэлд нь харахад маш их эмх замбараагүй байдал үүсээд байгаа тул түүнийг илүү их үүрэг гүйцэтгээсэй гэж хүсэж байгаагаа хэлсэн. Мөн Арабын зарим орныг үүнд оролцуулах нь зүйтэй гэж бодож байна” гэж Д.Трамп хэлжээ.


Арабын орнуудын Гадаад хэргийн сайд нарын мэдэгдэлд дурдсанаар, ХАМАС бүлэглэл ба Израилын хооронд хэрэгжиж буй гал зогсоох хэлэлцээр нь 15 сар үргэлжилсэн мөргөлдөөний үр дагаврыг үнэлэх боломжийг олгож байгаа тул уулзалтын үеэр Газын сэргээн босголттой холбоотой олон сэдвийг хөндөн хэлэлцсэн байна.


Тэд Д.Трамп, Жо Байден нарын хэн хэнийх нь итгэлийг хүлээсэн хэлэлцээрийг байгуулахад АНУ чухал үүрэг гүйцэтгэснийг өндрөөр үнэлжээ. Үүний зэрэгцээ “Газаас Израилын цэргийг бүрэн гаргахыг уриалж, тус зурвасыг хэсэгчлэн хуваах оролдлогыг эсэргүүцсэний сацуу НҮБ-ын Палестины дүрвэгсдэд тусламж үзүүлэх агентлаг /UNRWA/ бол чухал үүрэгтэй байгууллага болохыг онцлон тэмдэглэжээ. Израилын тал UNRWA-д тавьсан хориг хэрэгжиж эхэлснээс хоёр хоногийн дараа энэ мэдэгдлийг хийсэн байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг