sonin.mn

ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны хоёрдугаар сарын 2 /DW/. Лос-Анжелес хотын захын дүүргүүдэд гарсан ойн түймрийг бүрэн хяналтдаа авсан тухай Калифорни муж улсын Ойн аж ахуй, гал түймэртэй тэмцэх газраас мэдээлжээ.

Тус газрын цахим хуудсанд нийтлэгдсэн мэдээлэлд дурдсанаар, Пасифик-Палисейдс, Итон дүүргүүдэд гарсан хоёр том түймрийг 100 хувь цурманд оруулж чадсан байна. Түймэр нийт 57 637 акр /233 орчим хавтгай дөрвөлжин км/ талбайг хамарсан бөгөөд энэ нь 33 мянга орчим хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний талбай юм. Нийтдээ 16 255 барилга түймэрт шатан сүйдэж, 29 хүн амиа алдсан байна.




“Reuters” агентлагийн мэдээлснээр, түймрийн улмаас учирсан хохирол 250 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. "Цурманд оруулсан" гэдэг нь зөвхөн түймрийн тархалтыг зогсоосон гэсэн үг гэж тус агентлаг тайлбарлаад хяналтад авсан бүсэд гал үргэлжлэн асаж болзошгүйг анхааруулав.




Хамгийн сүүлийн түймэр нь эгц уулын энгэрт гарсан тул 100 хувь хяналтдаа авсан ч гэсэн дахин гарах магадлалтай гэдгийг гал сөнөөгчид хэлжээ.

Өнгөрсөн долоо хоногт Калифорни муж улсын өмнөд нутагт бороо орсон нь түймрийг унтраахад дөхөмтэй байсан боловч уулын энгэрт хөрсний гулгалт үүсгэж, гал сөнөөгчдийн явж байсан зам хаагдсан байна. 

Лос-Анжелес хотын захын дүүрэгт оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх тухай өмнө нь гаргасан захирамжийг цуцалсан байна. Түймрийн үед 180 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг