sonin.mn

САНКТ-ПЕТЕРБУРГ, 2025 оны хоёрдугаар сарын 2 /AARI/. Атландын далайн өмнөд хэсэгт хөвж яваа дэлхий дээрх хамгийн том “А23а” мөсөн уулаас 80 орчим хавтгай дөрвөлжин км талбай бүхий хэсэг мөс тасарсан тухай Арктик, Антарктидын судалгааны хүрээлэнгийн (AARI) хэвлэлийн алба мэдээлжээ. 

Уг мөсөн уул одоогоор Атлантын далайн өмнөд хэсэгт Өмнөд Жоржиа арлаас 340 км-ын зайд Скоша тэнгист хөвж яваа юм. Мөсөн уул удаан эргэлдсээр 10 хоногийн дотор эргээс 40 орчим км-ын зайтай холджээ. Өчигдөр аварга том мөсөн уулнаас 80 орчим хавтгай дөрвөлжин талбайтай том хэсэг тасарсан нь мөсөн уулын талбайн 2 орчим хувьтай тэнцэх хэмжээ юм. Ийнхүү 2023 оны 11 дүгээр сараас хойш мөсөн уулын талбай 11 орчим хувиар багасжээ.




Манай гаргийн хамгийн том мөсөн уулд тооцогддог “А23а” нь Оросын Санкт-Петербург хотоос бараг хоёр дахин том хэмжээтэй. 1986 оны есдүгээр сард Фильхнерийн мөсөн тавцангаас тасарсны дараа 30 гаруй жилийн турш Антарктидын Уэдделлийн тэнгисийн өмнөд хэсгийн гүехэн усанд "шороодсоныхоо" дараа Антарктидын эрэг дагуу гэнэт хөвж эхэлжээ. 2023 оны 11 дүгээр сарын дундуур мөсөн уул чөлөөтэй хөвж эхэлсэн байна. 2024 онд нийт 1400 орчим км замыг туулжээ.




2025 он гарснаас хойш эхний хоёр долоо хоногт мөсөн уул Өмнөд Жоржиа арлыг чиглэн хөвж байсан боловч нэгдүгээр сарын дундуур чиглэл нь өөрчлөгдөж, баруун тийш ухарч, сарын сүүлийн арав хоногт эргэлдэж эхэлсэн байна.




Мөсөн уулын хөдөлгөөний цаашдын чиглэл нь далайн энэ хэсгийн салхи, урсгалаас хамаарна гэж Арктик, Антарктидын судалгааны хүрээлэн мэдээлжээ. Мөсөн уулаас тасарсан хэсэг нь тэнгисийн бүлээн ус, урсгалд аажмаар задарч үгүй болно гэж эрдэмтэд таамаглаж байна. 


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг