ТОКИО, 2025 оны нэгдүгээр сарын 31 /Kyodo/. Иений ханш сул байгаа хэдий ч ажиллах хүчийг татахыг эрмэлзэж буй энэ үед Япон дахь гадаадын ажилчдын тоо өнгөрсөн 10 дугаар сарын эцсийн байдлаар 2.3 саяд хүрч, өмнөх оныхтой адил 12.4 хувиар өссөнийг засгийн газраас өнөө өглөө танилцуулсан тайлан мэдээлэл харууллаа.
Гадаад ажилтнуудын тоо 2013 оноос хойш жил дараалан түүхэн дээд үзүүлэлтэд хүрч байгаа бөгөөд гадаадаас ирсэн хүмүүст сувилахуй, барилга зэрэг салбаруудад ажиллах боломжийг олгодог тусгай мэргэшсэн ажилтны виз авсан гадаадынхны тоо сүүлийн тайлант жилд 49.4 хувиар өсөж, 206 995 болжээ.
Энэ тухай Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам мэдээлсэн байна. Гадаад ажилтнуудын тоо 2 302 587 хүрсэн нь гадаадын иргэдийг ажиллуулдаг аж ахуйн нэгжүүдийн тоо 342 087 болж, өмнөх оны мөн үеийнхээс 7.3 хувиар өссөнтэй холбоотой. Тэдгээрийн 62.4 хувь нь 30-аас доош ажилтантай ажээ.
Иений ханшийн уналт нь гадаад ажилчдыг татахад сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа хэдий ч олон хүн, ялангуяа Зүүн Өмнөд Азийн орнуудын иргэд Японыг зорьсоор байна гэж Хөдөлмөрийн яамны ажилтан хэллээ.
Гадаадын ажилчдыг улс орноор нь авч үзвэл, вьетнамчууд хамгийн олон буюу 570 708 байгаа нь нийт ажилчдын 24.8 хувь, хятадууд 408 805 буюу 17.8 хувь, филиппинчүүд 245 565 буюу 10.7 хувийг тус тус эзэлж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Япон өмнөд солонгос орнууд АНУ-ыг дагаад глобал цагаачлал даяарчлалын хөлд үрэгдэж байна.