sonin.mn

СТОКХОЛМ, 2025 оны нэгдүгээр сарын 31 /Anadolu/. Ариун Коран судрын хуулбарыг шатаадгаараа цуутай Салван Момика гэгч этгээд лхагва гаргийн шөнө Швед дэх байрандаа буудуулж амиа алдсан тухай тус улсын төрийн мэдлийн хэвлэл пүрэв гарагт мэдээлжээ.


38 настай Салван Сабах Матти Момика Шведийн Сёдертелье хот дахь гэртээ нас барсан байдалтай олдсон гэж SVT телевиз мэдээлсэн байна. 40 орчим насны эрэгтэй орон сууцанд буудуулж нас барсан байхыг олж, яаралтай эмнэлэгт хүргэсэн тухай Стокхолм хотын цагдаагийн газрын төлөөлөгч хэлжээ.


Дараа нь цагдаа нар түүнийг нас барсныг баталж, хүн амины хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна. Данийн цагдаа нарт аллагын хэргийн талаарх мэдээлэл ирсэн бөгөөд гал нээж буй мөчийг олон нийтийн сүлжээгээр шууд дамжуулсан байж болзошгүй байна. Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон хэлэхдээ, С.Момикагийн амийг хөнөөсөн нь “олны анхаарлыг татсан” хэрэг гэж тодорхойлоод, аюулгүй байдлын албаныхан мөрдөн шалгах ажиллагаанд оролцож байгааг дурдсан байна.  


Иракийн иргэн, христийн шашинт С.Момика 2021 онд Шведэд оршин суух зөвшөөрөл авсан бөгөөд түүнээс хойш улс даяар олон нийтийн газарт Коран судрыг шатаах арга хэмжээг зохион байгуулдгаараа цуутай болжээ.


Өнгөрсөн онд С.Момика Салван Нажемын хамтаар 2023 оны зун дөрвөн удаа Коран судрыг шатаасны учир “үндэстний бүлгийн эсрэг суртал ухуулсан хэрэгт” буруутгагдсан юм. Мөн Шведийн Цагаачлалын агентлаг С.Момикагийн оршин суух зөвшөөрлийг цуцалсан байна. Үүний дараа 2018 оноос хойш Шведэд амьдарч байсан С.Момика өнгөрсөн оны гуравдугаар сарын 27-нд Норвег руу явсан боловч түүнийг баривчлан Швед рүү буцаажээ.


Швед, Дани улсад үг хэлэх эрх чөлөө гэх нэрийдлээр Коран судрыг шатаах болсон нь лалын шашинтай орнуудын иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч, дипломат төлөөлөгчийн газрууд руу халдлага үйлдсэн тохиолдлууд гарсан юм. 


Лалын ертөнц дэгдсэн эсэргүүцлийн жагсаалын дараа Дани улс Коран судрын хуулбаруудыг олон нийтийн газарт шатаахыг хориглосон хуулийг өнгөрсөн арванхоёрдугаар сард баталжээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг