sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 30 /The Independent/. Амьдрал үүсэн бий болоход чухал үүрэгтэй органик нэгдлүүд, эрдэс бодисуудыг Бенну астероидын дээжээс илрүүлжээ. АНУ-ын сансар судлалын НАСА агентлагийн "Осирис-Рекс" аппаратаар авчирсан сансрын биетийн дээжүүдэд амьдрал үүсэн бий болоход шаардлагатай гол элементүүд төдийгүй эртний усны ертөнцийн ул мөр агуулагдаж байгаа аж.


Энэхүү нээлт нь манай гарагтай астероид мөргөлдсөний дараа дэлхий дээр амьдрал үүссэн байж магадгүй гэдэг онолыг батжуулж байгааг эрдэмтэд онцолсон байна. Эдгээр амин чухал бүрэлдэхүүн хэсгүүд усанд ч агуулагдаж байж болохыг эрдэмтдийн судалгаа харуулжээ. 


Бенну астероидын дээжийг 2020 онд цуглуулж, 2023 оны есдүгээр сард Дэлхийд авчирсан юм. NASA-гийн "Осирис-Рекс" төхөөрөмж 122 грамм тоосонцор болон хайрга чулууг эх дэлхийд хүргэж иржээ. Дээжийг тээсэн буугч капсул Юта муж улсын нутагт газардсан юм. Хамгаалалтын капсулыг нээж, эхний судалгааг ариутгасан нөхцөлд хийхэд хоёр жил зарцуулсан байна. "4.5 тэрбум жилийн өмнө Нарны аймаг үүссэн үйл явцын үлдэгдэл болох Бенну астроидын дээжид амьдрал үүсэн бий болоход шаардлагатай гол элементүүд бага хэмжээгээр агуулагдаж байсан хэдий ч энэ бүхэн нь натриар баялаг эрдэс бодисыг ялган авч, аминхүчил, аммиак хэлбэрээр азот агуулж байгааг, түүгээр барахгүй генетикийн кодын хэсэг байгааг батлахад хангалттай байв" гэж "Nature”, “Nature Astronomy” сэтгүүлүүдэд нийтлэгдсэн судалгааны талаарх өгүүлэлд дурджээ. Эрдэмтэд ДНХ, РНХ-ийн бүрэлдэл хэсэг болох пурины суурь зэрэг 20 гаруй төрлийн органик молекулыг ялган авч чадсан байна.


Үүнээс гадна, Беннугийн дээжээс илрүүлсэн нарийн ширхэгт давсны зарим нь Калифорнийн Мохаве цөл, Африкийн Сахарын цөл дэх хатсан нууруудын давстай төстэй байжээ. 


“Бенну бол Нарны аймагт амьдрал хэрхэн үүсэн бий болсныг ойлгоход тус дөхөм болох цаг хугацааны капсул юм” гэж НАСА-гийн захирал Ники Фокс онцолжээ. Мөн энэхүү нээлтийн тусламжтайгаар дэлхийд аюул учруулж болзошгүй солируудаас хамгаалах аргуудыг боловсруулахаар төлөвлөж байна. 



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг