ОСЛО, 2025 оны нэгдүгээр сарын 28 /CNBC/. Норвег улс автомашины зах зээлээсээ бензин болон дизель түлшээр ажилладаг автомашиныг халсан дэлхийн анхны улс болох төлөвтэй байна.
Газрын тос, байгалийн хийн асар их нөөцтэй хэдий ч Скандинавын энэ улс байгальд ээлтэй тээврийн хэрэгслийн эзлэх хувиар дэлхийд тэргүүлсээр иржээ. Норвег дэх цахилгаан автомашины борлуулалт 2010 онд нийт автомашины борлуулалтын 1 хүрэхгүй хувийг эзэлж байсан бол өнгөрсөн онд 88.9 хувьд хүрч өссөн бөгөөд энэ чиг хандлага цаашид үргэлжлэхээр байна.
Тус улсын үндэсний авто замын сүлжээг хариуцдаг Норвегийн нийтийн авто замын удирдах газраас танилцуулсан тайлан мэдээллээс үзэхэд, энэ оны эхний долоо хоногуудад борлуулагдсан шинэ автомашины 96 гаруй хувийг цахилгаан автомашин эзэлжээ. Ингэснээр Норвег улс 2017 онд хууль тогтоогчдын дэмжсэн, заавал биелүүлэх үүрэг хүлээгээгүй зорилгод хүрч, цахилгаан автомашинд бүрэн шилжихэд ойртож байгаа нь харагдаж байна.
Норвегийн цахилгаан автомашин эзэмшигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Кристина Бу хэлэхдээ, Норвег улс уг зорилтод хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлээд, түүхэн үйл явдлыг тохиолдуулан үдэшлэг зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа ярьжээ.
“Оны эцэс гэхэд ямар үзүүлэлтэд хүрэх нь тодорхойгүй байгаа боловч энэ онд 95-100 хувьд хүрнэ гэж бүгд хэлж байгаа учраас хоёрдугаар сарын 13-нд болох үдэшлэгт бид улстөрчид болон оролцогч талуудыг урьсан. Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ыг уур амьсгалын гэрээ болон бусад гэрээ хэлэлцээрээс гаргаж байгаа энэ үед бид өөрсдийн хүрсэн амжилтаа тэмдэглэх хэрэгтэй гэж би бодож байна” гэж тэрбээр ярилаа.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Дэлхий нийтээрээ газрын тос чулуулаг түлшнээс татгалзаж цэвэр эрчим хүч рүү шилжих цаг болсон байна