ЛОНДОН, 2025 оны нэгдүгээр сарын 28 /The Times/. Америкийн дуучин Майкл Жексоны тухай намтарчилсан киноны нээлтийг зургаан сараар буюу энэ оны 10 дугаар сар хүртэл хойшлуулжээ.
Ийнхүү хойшлуулсан нь дуучныг "хүүхдүүдтэй зүй бус харьцсан" гэж буруутгасан хүмүүсийн нэг нь кинонд гарсан тул хэд хэдэн үзэгдийг дахин авах шаардлагатай болсонтой холбоотой гэж “The Times” сонинд бичсэн байна. Тус сонинд бичсэнээр, “Aviator” (2004), “Bohemian Rhapsody” (2018) зэрэг кино бүтээсэн Оскарын шагналт, продюсер Грэм Кинг 1993 онд 13 настайдаа Жексоныг хүчирхийллийн хэрэгт анх буруутгаж байсан Жордан Чандлерийн гэр бүлтэй байгуулсан гэрээг зөрчсөн бололтой.
1994 оны нэгдүгээр сард хоёр тал нууцыг задруулахгүй байх, 20 сая ам.долларын нөхөн төлбөр өгөх болзолтойгоор гэрээ байгуулж, гэрээний нарийн ширийн зүйлийг задруулахгүй, цаашдаа ямар ч кинонд Чандлерын дүрийг бүтээхгүй байхаар тохиролцжээ. Гэтэл өнгөрсөн оны тавдугаар сард зургийг нь авч дууссан дээрх кинонд Чандлерын гэр бүлийнхэн болон Жексоны багийнхны хоорондох зөрчилдөөнийг харуулсан үзэгдлийг оруулсан байна. Иймээс ирэх дөрөвдүгээр сард кинотеатруудын дэлгэцнээ гаргахаар төлөвлөсөн киноны үзэгдлүүдийг дахин авахаар уран бүтээлийн төлөвлөгөөг өөрчилж байгаа ажээ.
Жексоныг 1990-ээд онд "хүүхдүүдтэй зүй бус харьцсан" гэж нэг бус удаа буруутгаж, 2005 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Харин шүүх дуучныг цагаатгасан байна.
Хүүхэд байхдаа Жексонд хүчирхийлүүлсэн гэж мэдэгдсэн хоёр эрэгтэйн тухай баримтат кино 2019 онд АНУ-д гарчээ. Кино дэлгэцэнд гарсны дараа тэдний нэхэмжлэлийг Жексоны өв залгамжлагчидтай тохиролцсоны дагуу шийдвэрлэсэн байна.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0