sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 28 /Reuters/. АНУ-ын газар зүйн нэрсийн жагсаалтад албан ёсоор өөрчлөлт оруулсны дараа “Мексикийн булан” хэмээх нэрийг “Америкийн булан” болгон өөрчилнө гэж “Google Maps” даваа гарагт X хуудсаараа дамжуулан мэдэгджээ.

Энэхүү өөрчлөлт нь АНУ-д харагдах бөгөөд Мексикт “Мексикийн булан” хэвээр үлдэх юм. Харин эдгээр хоёр улсаас өөр орнуудын хэрэглэгчдэд хоёр нэр хоёулаа харагдах ажээ.




АНУ-ын Дотоод хэргийн яам өнгөрсөн баасан гарагт Мексикийн булангийн нэрийг Америкийн булан, Аляскийн оргил Деналиг МакКинли уул болгон албан ёсоор өөрчилснөө мэдэгдсэн юм. Иймээс “Alphabet”-ийн охин компани болох “Google”-ийн эзэмшдэг “Google Maps” нь МакКинли уулын нэртэй холбоотой өөрчлөлтийг хийх гэнэ.




Ерөнхийлөгч Д.Трамп албан тушаалдаа орсон даруйдаа сонгуулийн сурталчилгааныхаа үеэр өгсөн амлалтаа биелүүлж, газар орны нэрийг өөрчлөхийг тушаажээ.

“Ерөнхийлөгчийн өгсөн чиглэлийн дагуу Мексикийн булан одоо албан ёсоор Америкийн булан гэж нэрлэгдэх бөгөөд Хойд Америкийн хамгийн өндөр оргилыг дахин МакКинли гэж нэрлэх болно” гэж Дотоод хэргийн яам өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.




Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг