sonin.mn

ВАШИНГТОН, 2025 оны нэгдүгээр сарын 28 /CNN/. Жирэмсэн хятад эмэгтэйчүүдийг Америкт ирж, хүүхдээ төрүүлэхэд нь тусалсан гэх хэргээр Калифорни муж улсын иргэн эмэгтэй Фиби Дон даваа гарагт гурван жил гаруйн хорих ял сонсжээ.

АНУ-ын тойргийн шүүгч Р.Гэри Клауснер түүнд 41 сарын хорих ял оноож, Лос-Анжелес дахь холбооны шүүхээс түүнийг нэн даруй цагдан хорих шийдвэр гаргасан байна. Ф.Дон нөхрийн хамтаар байгуулсан “USA Happy Baby” компаниар дамжуулан хуйвалдаан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн болохыг өнгөрсөн есдүгээр сард тогтоожээ.




Ерөнхийлөгч Д.Трамп Цагаан ордонд эргэн ирсний дараа "АНУ-д төрсөн хүүхдүүдэд шууд иргэншил олгох" тухай хуулийн заалт олны анхаарлын төвд ороод буй үед дээрх ялыг ногдуулсан байна. Д.Трамп шууд иргэншил олгодгийг зогсоох тушаал гаргасан боловч холбооны шүүгч үүнийг “Үндсэн хуулийг зөрчсөн” гэж үзээд түр цуцалсан юм.



Ф.Дон болон түүний нөхөр Майкл Лю нар хятад эмэгтэйчүүдийг жирэмсэн гэдгээ нуун АНУ-д зорчиход тусалдаг “төрөлтийн аялал жуулчлалын хөтөлбөрийг хэрэгжүүлснийхээ" төлөө ял шийтгүүлж байсан 10 гаруй хүний ​​дунд байжээ. Эдгээр хүмүүс Хятад, Орос, Нигери болон бусад орны иргэдэд үйлчилгээ үзүүлэн удаан хугацаагаар үйл ажиллагаагаа явуулж иржээ.


Үндсэн хуульд оруулсан 14-р нэмэлт, өөрчлөлтийн дагуу АНУ-д төрсөн хүүхэд бүр шууд Америкийн иргэн болдог. Иймээс хүүхдүүддээ Америкийн коллежид боловсрол эзэмшүүлэх, илүү сайн ирээдүйд хүргэхийн тулд олон хүн энэ боломжийг ашиглахыг хичээдэг байна. Үүнээс гадна хүүхдээ 21 нас хүрмэгц тэд өөрсдөө АНУ-д байнга оршин суух хүсэлт гаргах боломжтой ажээ.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг