СИНГАПУР, 2025 оны нэгдүгээр сарын 25 /BBC/. Хятадын “DeepSeek” компаниас гаргасан чатбот нь шүүмжлэн хэлэлцэх чадварын сорилтын үзүүлэлтээр Америкийн ChatGPT чатботыг гүйцэж түрүүлснээр Цахиурын хөндийн хөрөнгө оруулагчдыг багагүй сандаргажээ.
Хиймэл оюунд суурилсан Хятадын “DeepSeek-R1” чатбот нь АНУ, Их Британи, Хятад дахь “Apple App Store”-ын хамгийн өндөр үнэлгээтэй үнэгүй аппликейшн болжээ. Хэрэглээнд гаргаснаас хойш уг чатботын хандалт нэмэгдэж, хиймэл оюуны технологийн салбарт АНУ бол тэргүүлэгч мөн гэх дүгнэлтийг үгүйсгэлээ.
"DeepSeek" компаниас мэдээлснээр, шинэ чатбот нь хямд чип ашигладаг бөгөөд жижиг мэдээллийн санд тулгуурладаг ажээ. Хиймэл оюунд суурилсан уг туслах нь эх код нь нээлттэй DeepSeek-V3 загварт суурилан ажилладаг ажээ. Судлаачдын хэлж буйгаар, DeepSeek-V3-ыг өрсөлдөгчдийнх нь тэрбум тэрбум доллароор бүтээсэн ижил төстэй загваруудаас хамаагүй бага өртгөөр буюу 6 сая хүрэхгүй ам.доллароор бүтээжээ. Харин хиймэл оюуны салбарын зарим мэргэжилтэн ийм хямд өртгөөр бүтээх боломжгүй гэж үзэж байгаа юм.
R1 гарч ирснээр хиймэл оюун нь чип үйлдвэрлэгчээс эхлээд дата төв хүртэлх нийлүүлэлтийн бүхий л сүлжээнд эрэлт нэмэгдэхэд түлхэц өгнө гэсэн санхүүгийн зах зээлд өргөн тархсан үзэл бодлыг үгүйсгэх магадлалтай гэж Reuters агентлаг бичжээ.
DeepSeek-тэй холбоотой мэдээлэл хөрөнгийн зах зээлд нөлөөлжээ. Даваа гаргийн өглөө Европт “Nasdaq 100” цахим хөрөнгийн биржийн индекс 2.6 хувь, “S&P 500” индекс 1.4 хувиар тус тус буурсан бол Америкийн технологийн "Nvidia" компанийн хувьцаа 10 шахам хувиар унажээ. Хиймэл оюуны технологид хөрөнгө оруулагч “SoftBank” группийн хувьцааны ханш 8 гаруй хувиар унасан нь есдүгээр сарын 30-наас хойш нэг өдөр хамгийн их хувиар буурсан үзүүлэлт болсон байна. “DeepSeek” компанийг “High-Flyer” хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн, Хятадын тэрбумтан Лян Вэньфэн үүсгэн байгуулжээ. Тус компани High-Flyer-аас бүрэн санхүүждэг ба бусад хөрөнгө оруулагчаас хөрөнгө босгох төлөвлөгөөгүй байна.
"DeepSeek" бол "арилжааны зорилготой программ гэхээсээ илүү суурь технологи бүтээхэд анхаардаг. Тус компани бүх загварынхаа эх кодыг нээлттэй байлгах үүрэг хүлээсэн" гэж ChinaTalk хэвлэлд бичжээ.
"OpenAI", "Google DeepMind" зэрэг Америкийн компаниуд хүний танин мэдэхүйн чадавхад тохирсон загварыг бий болгох "Reasoning models"-ийг анхлан хөгжүүлж байгаа юм. Сан-Франциско хотод төвтэй "OpenAI" компани өнгөрсөн оны 12 дугаар сард "o1" загварынхаа бүрэн хувилбарыг гаргасан боловч хэрхэн бүтээж хөгжүүлсэн талаараа мэдээлээгүй байна. DeepSeek чатботыг R1 форматаар гаргасан нь хиймэл оюуныг хөгжүүлж буй "Meta", "Anthropic" зэрэг Америкийн компаниуд технологийн давуу талаа хамгаалж чадах эсэх талаар Цахиурын хөндийд ширүүн маргаан дэгдээжээ. Сингапурт төвтэй технологийн салбарын хувьцааны зөвлөх Вэй-Серн Линг ВВС-д хэлэхдээ, Хятадын AI туслах нь "Хиймэл оюун ухааны технологийн нийлүүлэлтийн бүх сүлжээг хамарсан хөрөнгө оруулалтын суурийг ганхуулж болзошгүй" гэжээ.
"Deep Seek" нь "OpenAI" зэрэг Америкийн компаниудын давуу байр суурьт нөлөөлж болох боловч Хятадын компаниудад тулгарч буй бэрхшээлүүд тэдний хөгжилд саад болж магадгүй гэж Уолл Стрит дэх томоохон банк болох "Citi"-гийн шинжээчид үзэж байна.
"Бидний тооцоолсноор, зайлшгүй хязгаарлалт хийх үед АНУ илүү дэвшилтэт чипийг ашиглах боломжтой болсноор давуу талыг олж авах магадлалтай" гэж шинжээчдийн тайланд дурджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Америкийн дайсан орос биш хятад болж таарч байна.