БЕЙРУТ, 2025 оны нэгдүгээр сарын 27 /DW/. Ливан, Израилын хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээрийг ирэх хоёрдугаар сарын 18-ныг хүртэл сунгасан тухай АНУ-ын албаны хүмүүс ням гарагт мэдэгджээ.
“АНУ-ын талын зуучилж, хяналт тавьж буй Ливан, Израилын хэлэлцээр 2025 оны хоёрдугаар сарын 18 хүртэл хүчинтэй байх болно" гэж Цагаан ордны мэдэгдэлд дурдсан байна.
Үүний хариуд Ливаны Ерөнхий сайд Нажиб Микати өнөө өглөө мэдэгдэхдээ, тохиролцсон хугацааг хүртэл Израилтай гал зогсоох хэлэлцээрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгээ баталжээ. Израилын тал Ливаныг нөхцөл болзлуудыг бүрэн биелүүлээгүй хэмээн мэдэгдэж, тус улсын өмнөд нутгаас цэргүүдийг татан гаргах үйл явцыг өмнө нь тохиролцсон хугацаанд хэрэгжүүлэх бодолгүй байгаагаа сүүлийн үед илэрхийлж байсан юм. Хурцадмал байдал сүүлийн өдрүүдэд дахин даамжирч байна. Ливаны Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, ням гарагт Израилын цэргүүд тосгодод буцаж ирэхдээ 22 хүнийг, тэдний дотор зургаан эмэгтэйг хөнөөсөн байна.
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Израил болон Ираны дэмжлэгтэй Хезболла бүлэглэлийн хооронд 60 хоногийн хугацаатай гал зогсоох тохиролцоонд хүрсэн юм. Энэ хугацаа ням гарагт дуусгавар болжээ.
Мөн Ливаны улс төрийн нам болох Хезболлаг АНУ, Герман болон Арабын зарим улс террорист байгууллага гэж үздэг. Харин Европын Холбоо зөвхөн Хезболлагийн зэвсэгт жигүүрийг террорист бүлэглэлийн жагсаалтад оруулсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0