sonin.mn

Уяачид улсынхаа төв талбай дээр, бүр морьтойгоо жагсаал цуглаан хийнэ гэвэл, “Юуны төлөө, яах гэж” гэдэг асуулт өөрийн эрхгүй ургана. Зорилго нь “Хаврын морин уралдааныг сэргээж, үндэсний өв соёлоо хамгаалах” хэмээн дорхноо олдож байна.

Тэгвэл хэл амнаас холуур хөдөө хээр, хусуур зүүж, ёс жудаг, өв соёл, морин спортын хөгжлөөс өөр юм ярьдаггүй тэд гэнэтхэн төв талбайг морьтноор дүүргэхээр шийдсэн нь Өвөрмонголын морин уралдааны наадмууд энэ өвөл олон сая жуулчны нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгах болсонтой холбоотой. Атаархсандаа биш адуу хэмээн соёлын эх орон нь тусгаар тогтносон Монгол Улс гэдгийг төр засаг төдийгүй олон улсад харуулах том зорилготой гэнэ.


Энэ шалтгаанаар жил бүрийн хаврын тэргүүн сард уламжлал болгон зохион байгуулагдаж ирсэн “Дүнжингарав” морин уралдааныг соёлоо хамгаалах, спортоо хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болгохоор сэргээх хүсэлтээ Засгийн газарт гаргасан байна.


Уяачид хүсэлтдээ “Өвөл, хаврын морин уралдааныг хориглосон 5 жил жилийн хугацаанд Хятадын өвлийн аялал жуулчлалын салшгүй нэг боллоо” хэмээн онцолжээ. Тиймээс хаврын  “Дүнжингарав” уралдааныг олон улсын түвшинд өндөр зохион байгуулалттайгаар болгон, жуулчид цөөн ирдэг улиралаар Монголоо дэлхийд сурталчлах наадам хэлбэрээр зохион байгуулах санаачилга гаргасан. Ингэхдээ төсвийн мөнгө үр дүнгүй үрдэг бусад арга хэмжээ, наадмуудын адилгүй байх аж. Тодруулбал, төрөөс нэг ч төгрөгийн санхүүжилт авахгүй, харин татвар хураамжаа зохих ёстой дагуу төлөхөд бэлэн гэдгээр илэрхийлсэн байна. Хамгийн гол нь унаач хүүхдийн эрүүл мэнд өндөр түвшинд хамгаалж, нас заан, даатгалд хамруулах, хувцас хамгаалах хэрэглэх өндөр шаардлага тавьж буйгаа танилцуулжээ.  


Ийнхүү хаврын “Дүнжингарав” уралдааныг өндөр зохион байгуулалттай зохион байгуулахын хажуугаар уурга, бугуйл гэх мэт монгол адууны соёл, олон төрлийн идээ удаа танилцуулах иж бүтэн хөтөлбөртэй наадам болгон өргөжүүлэх боломжтой.


Ер нь хурдан морины уралдаан дэлхийд хамгийн өндөр шагнал, бооцооны мөнгө эргэлддэг дээд зэргэлэлийн тансаг спортуудын нэг төрөл хүлээн зөвшөөрөгдсөн. Үүнийг дэлхийн талыг эзэлж байсан Монголын өв соёлтойгоо нэгтгэн түүхэн аялал жуулчлал хэлбэрээр хөгжүүлэх шийдвэрийг Засгийн газраас 2023 онд гаргасан байдаг.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэхдээ, “2024 онд "Go Mongolia" брэндийн дор хэрэгжүүлсэн нэгдсэн стратегийн үр дүнд Монгол Улс 810 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого 1.6 тэрбум ам.долларт хүрсэн” гэж мэдэгдсэн. Зөвхөн аялал жуулчлалын салбараас жилд нүүрсний Тавантолгойн уурхайн дайтай орлого олж буй нь бидэнд үүнээс илүү орлого олох боломж буйг харуулж буй. Энэ боломж нь өвөл, хаврын аялал жуулчлал. Байгаа нөөц боломж нь морин уралдаанууд юм.


Д.Дондог