sonin.mn

Увс аймгийн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмын нээлт өнөөдөр боллоо. Энэхүү ёслол нь үндэсний их баяр наадмын өнгө аяс, өргөн цар хүрээгээрээ зөвхөн тус аймгийнханд биш, бүх ард түмэнд бахархал төрүүлсэн үйл явдал байв.

Увс аймаг бол Монгол Улсын баруун хязгаар, түүхийн эх булаг болсон онгон нутаг. Нэг зууны турш эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн бүтэн байдлын манаанд зогсож ирсэн энэ нутгийн ард түмэн 100 жилийн ойн нээлтийн үйл ажиллагааг үндэсний хэмжээнд, улсын наадмын зиндаанд бэлтгэж, зохион байгуулсан нь үнэхээр бахархууштай.

Нээлтийн үйл ажиллагаа эхлэх мөчөөс л орон нутгийнхнаас гадна зочдыг анхаарлыг татсан.


Монгол ахуй, нүүдэлчдийн уламжлал, үндэсний өв соёлыг энгүүн атлаа сүрлэг сайхан үзүүлсэн нь Увсынханд ямар их ур чадвар, зохион байгуулалт, сэтгэл байгаа вэ гэдгийг харуулсан.


Монгол Улсын тусгаар тогтнол, хил хязгаарыг хамгаалж ирсэн баруун хязгаарын ард түмний эх оронч үзэл, соёлын дархлаа, уламжлалт амьдралын хэв маягийг харуулах замаар Увс аймаг зөвхөн 100 жилийн ой тэмдэглээгүй. Харин улс орны бүтэн байдлыг илэрхийлсэн, орон нутгийн нийгэм, соёлын шинэ сэргэлтийн эхлэлийг тавьсан нээлт болж чадлаа.

Түүхэн ой бол тухайн нутгийн бахархал төдийгүй улс үндэстний эв нэгдэл, соёлын дархлааны илэрхийлэл юм. Увсын 100 жилийн ойн нээлтийн арга хэмжээ энэ зарчмыг бүрэн хангаж, “Улсын наадмаас дутахгүй” гэж дүгнэхэд буруудахааргүй боллоо. Харин ч нутгийн ард түмний эв санаа, зохион байгуулалт, хичээл зүтгэл ямар өндөр байж болохыг харуулсан үлгэр дууриал боллоо.



Х.Цэцэн