sonin.mn

2025 оны долдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах шөнийн клубийн гадна болсон зодооны хэрэгт "Эрэл" компанийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг нарын хүүхдүүд холбогдон саатуулагдаад буй билээ.


Үүнтэй холбоотойгоор Б.Тэмүүлэнгийн ээж, "Эрэл" ХХК-ий захирал Д.Сэргэлэн: "Юуны түрүүнд Д. Саяннямбуугийн эрүүл мэнд хохирч гэмтэл авсанд харамсал илэрхийлэн албан ёсны уучлалт хүсэхийн зэрэгцээ сүүлийн хэдэн өдрийн турш олон нийтийн тав тухыг алдагдуулсанд олон түмнээсээ уучлалт хүсье!


Манай гэр бүлийн хамгийн дуугүй томоотой нь бясалгалд шингэсэн бага хүү маань хэрэгт холбогдсоныг сонсоод орон нутгаас яаран ирээд яах учраа олохгүй сандраад байна. 


Тэмүүлэн гэр бүл, найз нар дундаа зөөлөн дөлгөөн зантай олон цагаар зураг зурах, бясалгах дуртай зураач мэргэжил эзэмшсэн залуу. 


Одоо бидний хамгийн их анхаарч санаа тавих асуудал бол гэмтэл авсан хүүгийн эрүүл мэнд билээ. Бидний зүгээс гэрийнхэнтэй нь уулзаж, хүний ёсоор биеийг нь асууж санаа тавьж байна. Хүү удахгүй эдгэрнэ гэдэгт бид итгэж байна" гэжээ.


С.Сарнай