sonin.mn

Хаяа «Адебиет портал» (Утга зохиолын порталыг) гүйлгэж хардаг заншлаараа сууж байхдаа Монголын нэрт зохиолч (Казахстаны Мухтар Магауин шиг) Лодонгийн Түдэвийн «Харх» хэмээх эссээг Баян-Өлгийн зохиолч Т.Бодауханы орчуулан нийтлүүлсэнийг уншсан юм.


Зохиолч Түдэв өөрийнхөө өвөрмөц хэвшилээрээ дэлхийн өнцөг булангаас танин мэдэж олсон олон янзын сонирхолтой баримтуудаа уншигчидынхаа өмнө дэлгэн тавиад, сонгосон сэдэвээ түүний дагуу өрнүүлэн бичжээ. Гэхдээ, энэ удаа би зөвхөн энэ тухай ярих гээгүй билээ...


Уг өгүүллэгийн агуулга нь хархны тухай барууны алдарт зохиолчид Вольтер Скотт, Виктор Хюгогоос эхлээд өөр бусад олон зохиолчид үзэг цаас нийлүүлж байжээ. Түүнээс гадна, орчлон ертөнцийн хязгааргүй өргөжиж байгааг математикийн харьцуулгын онолоор нээсэн Эйнштейн хүртэл хархыг онцгой сонирхсон бөгөөд хэрвээ түүний жин нь 20 кг байсан бол (тэр ердөө 200 грамм жинтэй), дэлхий ертөнцийн эзэн нь хүн биш, хулгана гаралтай энэхүү харх болох байсан хэмээх түүний сониуч сэтгэгдлийг иш татан уншигчдыг их л гайхшруулж өөртөө татжээ. Улмаар зохиолч маань тэртээ нэгэн цагт Монголын өндөрлөгт оршдог Гурвансайханы ууланд нутаглаж байсан «Бозлог» нэртэй хээрийн хулганаас эхтэй харх хэмээх амьтан дэлхий даяар тархаж хүрсэн газар бүртээ түйвээн дэгдээжээ. Хичнээн их хядалга, хамгаалах арга хэмжээнд өртсөнч ч улам бүр өсөн үржиж, бүхнийг өөртөө ашигтайгаар шийдсээр, эцэст нь хархны тоон нь дэлхий дээрх хүмүүн төрөлхтөний тоотой тэнцүү болсоныг тэмдэглэжээ... Гэсэн хэдий ч энэ удаа би зохиолчийн бусад бүх аргументуудтай санал нэгтэй боловч харх бол «гуйвшгүй муу санаатан» гэсэн саналтай нь үл нийцэхэд хүргэсэсн нэгэн сонин түүхийг өгүүлэхийг зорилоо. Нэг өдөр гэртээ ширээн дээрээ юм бичиж суутал арваад настай том охин Амина маань хүрч ирээд чихэнд минь «Аав аа... аа... Маш сонин зүйл!» гэж хэлэв. Гайхсан царайгаар нүүр лүү нь харвал охины минь нүд нь гялалзаж, ямар нэгэн юманд маш их гайхсан нь илт байв.


«Юу сонин юм бэ?» гэж би бодлоосоо салж хэллээ.


«Аав аа, хамт яваач! Би одоохон танд үзүүлье...» гэж над руу гараа сунгав. Гадаа гартал Амина намайг дагуулан «амбаар» гэж нэрлэдэг жижиг байшин руу явлаа.


«Аав аа, энэ дотор байгаа... маш өхөөрдөм амьтад...» гэж тэр над руу хошуу цорвойн, чимээгүйхэн инээмсэглэхэд бүх шүд нь харагдаж байв.


«Тэгвэл дотор нь орох уу?» гэж асуусан дүрээр би амбаарын үүд рүү заав. Амина толгой дохив. Би модон хаалгыг чимээ гаргалгүй аажуухан онгойлголоо, ямар нэгэн хачирхалтай зүйл гарч ирэх болв уу гэж сэрэмжлэн, баруун зүг рүү харсан хоёр цонхоор дотор нь гэрэлтэж байсан өрөөний эргэн тойронг тойруулан харав.


Цонхны эсрэг талын ханан дээрх гонзгой вандан сандал дээр овоолсон арваад шуудай гурил харагдана. Тэдгээрийн доодох хөндий тавиур дээр байцаа, хулуу, бусад идэшний ногоонууд хураалттай ба түүнээс цааш ургамлын тосны шилнүүд эгнүүлэн тавиастай байна.


Баруун талын богино хананы дагуу байрлах хөлдөөсөн тос дүүргэж зэрэгцүүлж тавьсан хоёр, гурван модон торхны дээр үхрийн тэжээлд зориулсан арвай, хивэгээр дүүргэсэн уутнууд харагдана. Зүүн тал руугаа хартал, хоёр гурван эгнээ барьсан модон арцанд хонь, үхрийн хатаасан мах өлгөөстэй. Бусад булангуудад хүүхдийн чарга, унадаг дугуй, хуучин гутлууд зэрэг янз бүрийн зүйлс бүхий кардон хайрцагууд... Гялс тааз руу харсан бөгөөд намхан банзан таазанд ганц чийдэнгээс өөр юу ч миний нүдэнд өртсөнгүй. Жижигхэн өрөөнөөс ямар нэгэн сонирхолтой хачин зүйл олж хараагүй учраас намар тосгоноос хот руу нүүж ирэхдээ авчирсан хүнсний зүйлээс өөр юу ч харж чадаагүйгээ илэрхийлж охин руугаа эргэж,


«Нөгөө сонирхолтой зүйл чинь хаана байна вэ?» гэж асуусан дүр гаргаж дохилоо. Охин мань модон шалан дээр цонхоор туссан нарны туяанаас нүдээ салгахгүй харж байлаа. Би ч тийшээ харлаа. Тэнд арван сарын үд дундын нарны шаргал илчинд дулаацан хэвтээ ямар нэгэн амьд зүйлс байгаа бололтой. Нялх хүүхдийн хуруу шиг хиртэй улааватар чармай нүцгэн ямар нэгэн зүйлс эгнүүлэн тавьсан харандаа шиг нүдэнд содон тусав. Энэ нь миний сонирхолыг татсан тул, хаалгыг эвтэйхэн хааж, босго даваад тэдэн дээр дөхөж очсон бөгөөд охин маань


«Аав аа... аяархан...» гэж сануулах шиг баруун гараараа эрхий хуруунаас минь зуурч, өлмий нь цухуйсан улаан шаахайгаараа зөөлөн гишгэлэн намайг дагаж ирэв. Бид хоёулаа амьсгаагаа түгжин эдгээр «хөөрхөн амьтадыг» ширтэн харав. Тэдний тоо арван хэд байгаа бололтой, бөөрөөрөө хоорондоо наалдан хөдөлгөөнгүй хэвтэж байлаа. Хамгийн түрүүнд миний нүдэнд туссан зүйл бол тэдний толгой дээрхи хав хар хоёр цэг нүд бололтой. Хар сувд шиг энэ өчүүхэн зүйлд нарны төрх тусч харагдах нь түүнийг амьд амьтан гэдгийг илтгэж байв. Харин, хошуу нь маш шовгор үзүүртэй, хамрын хоёр нүх жирвэлзэх нь амьдралын шинж тэмдгийг харуулсан гайхамшиг байлаа! Дараа нь тэдний хойд тал руу нь харахад оёдолын машины утаснаас бага зэрэг бүдүүвтэр урт сүүл нь нил ягаан өнгөтэй сунаж байлаа.


«Аа, эд чинь амьд амьтад шив дээ!»


Ийм гайхсан дуу надаас өөрийн эрхгүй гарлаа! Алгын чинээнд хүрэхгүй талбайд бөөгнөрөн хэвтээ амьд зүйлсийг анх удаа харсан маань энэ байлаа. Амьдралын тийм жижигхэн эзэд юунд ч санаа зоволгүй зүрх нь цохилон хэвтэнэ! Толгойгоо өндийлгөн дээрээс харахад эдгээр амьтад тэртээ талбайд зэрэгцүүлэн өлгийдөж тавьсан хүний шинэ төрсөн нялх үрстэй төстэй харагдана.


Охины минь саяхан хэлсэн «Аав аа, байшин дотор... маш хөөрхөн амьтад...» гэсэн үгэнд одоо л итгэсэн юм шиг чимээгүй инээмсэглээд Амина руугаа харав. Тэр ч миний эдгээр бяцхан амьтаны үрсэд шохоорхож, баярлаж байгааг анзаарч, хоёр хацарын үзүүр нь хонхойж, нүдээ анивчин баярласан царайгаар дохиж байлаа.

Бид ямарч чимээ гаргалгүй гадаа гарлаа. Амина надаас гуйх мэт аяархан дуугаар «Аав аа, тэдэнд халдаж болохгүй шүү, тийм ээ!» гэж хэлэв. «Тийм ээ, юу гэж халдахав дээ... Тэгээд эд чинь ямар амьтан вэ?» гэж асуулаа. Тэрбээр «Аав аа, би сая үдийн хоолонд хүнс авахаар ортол энэ хөөрхөнүүдийн хажууд нэг хулгана сууж байлаа, сүүл нь маш у-р-р-т-т юмаа, намайг харангуутаа час-час дуугаран, эд нарт битгий хүрээч гэх шиг, үзүүртэй хоёр шүдээ харуулан, өөрөө хайрцагнуудын цаана нуугдаж алга боллоо... ааваа эд чинь крыса гэдэг хулгана шүү дээ...»


«Өө, эд чинь тосгоныхоны айдаг хулгана шив дээ?! Явсан газартаа идэхгүй юм гэж үгүй, бүх зүйлийг сүйтгэдэг гэж хэлдэг биш үү...» Дөнгөж сая баярласаж байсан


Аминагийн нүүрэн дээр айдас тодорч: «Аав аа... энэ бол хүүхдүүдээ асарч байгаа өрөвдмөөр хулгана шүү дээ... Би өөрөө харж байя л даа!» гэж хэлсэн охины минь чичрсэн дуу чихэнд минь бүр өрөвдөлтэй сонсогдлоо. дуугүй л одоо тэгээд яах ёстой вэ? гэсэн шиг би түүнийг ширтлээ.


Амина «Аав аа, гэрийнхэнд битгий хэлээрэй! Хүнс авахаар амбаарт би л орж гарч байя, бусад нь амбаарт битгий орг!» гэж шийдэмгий хэллээ. Арван настай охиныхоо ийм шийдвэр гаргасанд нь баярлаж, инээмсэглээд толгой дохив. Тэр ч бас инээмсэглэн, намайг дуурайж толгой дохиод, хоёр сүлжсэн гэзэгний үзүүрийг сэгсрэн, «бидний амлалт энэ болог» гэсэн дүр үзүүлэв. Хөл үймээнтэй элдэв сонинтой цаг мөч тасаралтгүй үргэлжлэн гол мэт урсах өдөр хоногууд энэхүү бяцхан үйл явдлыг надад мартуулан орхижээ. Зөвхөн миний нүдэнд нарны дулаахан туяа туссан алгын чинээхэн талбайд наралж хэвтэх улаан нялцгай амьдрал мартагдашгүй зураг болж үлдсэн байлаа. Гэхдээ тэр улаан нялцгай амьдралыг харсан тэр нэгэн үдэшээс хойш манай гэрт тогтсон «ажлын хуваарьт» өөрчлөлт орсон нь илт анзаарагддаг болов. Амина өөрөөсөө хоёр насаар том ах нь Ералтай ба хоёр насаар бага охин дүү нь Камшат ч амбаарт орж хадгалаастай хүнсний зүйлсийг авчирч, ээжид хоол хийхэд нь туслах ёстой байсан бөгөөд том хүү бид хоёр ч гэсэн Талдыкорганаас «камазд» ачиж авчирсан хээлтэй үнээ ба хонинд, мөн арваад тахианд өдөрт хоёр удаа тэжээл өгч байх ажилтай билээ.


Амина энэ бүхнийг өөртөө үүрч,өглөөнөөс орой хүртэл улаан шаахайгаа гялалзуулан гэр, амбаар хооронд гүйдэг боллоо. Үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн нөгөө хоёр сурагчид ч таатай байгаа бололтой, тэд Амина рүү талархал дүүрэн нүдээр харна.


Ээж нь түүнд гайхаж, «Хүүе, Амина, чи ямар ажилсаг болчихов оо» гэхэд, «Ээж ээ, би өөрийгөө чийрэгжүүлж байгаа юмаа, Зука эгч шиээ гурил зуурч байхдаа ч хичээлээ үргэлжлүүлэн уншихын тулд...» гэж хариулаад ширээн дээр ямар нэгэн зүйл бичиж байгаа над руу нүдний булангаар харж инээмсэглэнэ... Гэвч ээж нь итгэсэнгүй. Учир нь, ихэвчлэн өдрийн цагаар нээлттэй байдаг, зөвхөн шөнийн цагаар түгжигддэг хүнс хадгалдаг амбаарын хаалга нь энэ «улаан нялцгай амьдрал» бий болсон үдэшээс эхлэн өдөр шөнөгүй цоожлоостой болчихсон байв. Аминаг өглөөгүүр сургуульдаа явсан хойно хүнсний байшинд орох ямар нэгэн хэрэгцээ гарахад түлхүүр нь тавьсан байрандаа байдаггүй, бүгдээрээ түлхүүрийн эрэлд гарч хөл үймээн үүслээ.


Түлхүүрийг бие-биенээсээ асуусаар байгаад асуулт надад ирэх үед: «Өө, тэр Аминад байгаа шүү дээ...» гэж хэлэхээс өөр аргагүйд хүрлээ.


Түлхүүрийг хайсаар бухимдсан зарим нь: «Амина тэр түлхүүрээр юугаа хийдэг юм бэ!?» гэсэн хурц асуулт тавьж Амина бид хоёрын хоорондох «нууц гэрээнд» аюул учруулж байв. Би ч «түлхүүр хайх шуугианыг» зөөлрүүлэхийг хүсч, тайван дуугаар «Өө, байшингийн буланд шинээр гарсан болжморын дэгдээхэйнүүд байгаа гэсэн. Амина тэднийг харсан байна лээ, тэгээд гадаа гарч зугтчих болов уу гэж тэжээлийг нь цацаж өгөөд харж байна гэж ярьж байх шиг байсан, та нарт хэлээгүй юм уу?» хэмээн юу ч болоогүй юм шиг хээв нэнгэн байдлаар хэлэв. Гэтэл хоёр сурагчийн маань чих хурданы морьдынх шиг сортолзон «Өө, өө, бид ч бас тэр дэгдээхэйг үзэх юмсан!» гэж дуу нийлүүлэх нь тэр. Би дотроо палхийж «Өө, бацаанууд минь! Тэд чинь олон хүнийг харахаар зугатаачихдаг, та нар орж хэрэггүй, дараа нь л үзвэл болоо юм биш үү!» гэж заль мэх олох гэж оролдов. Хүү минь зөвшөөрч аярхан толгой дохиод, харин бага охины минь нүд нь улам гялалзан «Аав аа, би хачин шувууг хармаар байна!» гэж дуржигнав.


Би ээдэрсэн юм шиг: «Аа, аа.. аа.. Амина ирсний дараа...» гэж хоёрдмол өнгөөр хариу хэлэв. Аминаг сургуулиасаа гэртээ ирэх үед нөгөө хоёр нь дараагийн ээлжээр сургуульдаа явдаг тул гурвуулаа зөвхөн орой л тааралддаг байв. Тэрхүү «түлхүүр хайсан» өдөр Аминаг сургуулиасаа ирэнгүүт хажуудаа дуудаад, болсон явдалын талаар шивнэж анхаарууллаа. Тэр нүдээ онийлгон бодлогширч, ямар нэгэн арга сүвэгчилж байгаа бололтой, дараа нь жижигхэн долоовор, эрхий, дунд хуруунуудаа нийлүүлэн, түлхүүр эргүүлж буй дүр үзүүлээд нуруундаа байгаа цүнх рүүгээ эрүүгээрээ заах нь «Ааваа, санаа зоволтгүй, түлхүүр миний цүнхэнд байгаа» гэснийг нь ойлголоо.


Орой нь хичээлээсээ ирсэн хоёр сурагчийн чимээ үүдний өрөөнөөс дуулдаад, миний чихэнд: «Алив, Амина! Бид дэгдээхэйг хармаар байна!» гэсэн үг сонсогдоло. Энэ бол Камшатын жингэнэсэн хоолой мөн. «Дэгдэхэйг шөнө үзэж болдоггүй юмаа, бүтэн сайны өглөө үзье!» Энэ бол Аминагийн хариулт.


«За болж, тэр түгжрэлээс гарах арга замыг олсон байна даа...» гэж бодоод дотроосоо инээд алдаж суулаа. Бүтэн сайны өглөө бид оройхон бостол, Амина аль хэдийн эрт боссон бололтой, гэрт байсангүй. Ангийн найз нь ирээд гэрийнхээ жимсэний цэцэрлэгээс алим түүхэд туслаач, гэж дуудсан байна гэж ээж нь хэллээ. Бүр оройхон, нар жаргах тийшээ гартаа уут дүүрэн алим бариад ирсэн Амина ирэнгүүтээ бид бүгдэд улаан, ягаан өнгийн апорт алим тарааж эхэлсэн юм. Нөгөө хоёр нь ч бөөн баяр.


Би дотороо «Дэгдээхэйн асуудалыг мартуулах арга... Өө, Амина, чи асуудалаас гарах арга замыг олохдоо ямар мундаг вэ!..» охиндоо эцгийн хайраар харж, исгэлэн айраг амттай алимыг амтлан суулаа. Тэгж тэгсээр тэртээх «улаан нялцгайн амьдралыг» харсан өдрөөс хойш дөрөв дэхь долоо хоног өнгөрсөнийг Амина минь нэгэн даваа гаригийн өдөр надад сануулахад л мэдлээ.


Хичээлээсээ ирээд цайгаа ууж дуусаад миний бичгийн ширээнд ойртон ирж: «Аав-а-а... гэж нам дуугаар, нөгөө хөөрхөнүүдийг үзэх үү? Тэд том болчихсон, намайг таньж байгаа...» гэж нүдэндээ зальжин инээмсэглэл тодруулан хэллээ.


«Өө, тийм үү? Үзье дээ, тэд их хөөрхөн шүү дээ!» гэж хэлээд хамт гарч, хүнсний агуулах байшиндаа ирлээ. Aмина дугуй цоожны нуман дэгээг сурмаг гаргаж, хаалгыг эвтэйхэн нээлээ. Тэр даруй тэртээх нэгэн өдөр «улаан нялцгай амьдралууд» хэвтэж байсан газрыг харав. Яг тэр өдрийнх шиг дөрвөлжин цонхоор тусах нарны гэрлийн илчинд саарал бор үстэй сүрэг хулганы гөлөгнүүд өмнөх шигээ бие биенийхээ хажууд зэрэгцэн хэвтэж байлаа. Том болчихсон, тэртээх өдрийн нимгэн улаан утас шиг сүүл нь одоо саарал, үзүүртэй зүү мэт болж хувирчээ. Сайтар харвал үнэхээр урт бөөрөнхий төмрийн хуурай шиг харагдаж байлаа.


Би гайхан дуу алдаж: «Эд нар чинь харх юм шив дээ!» гэж хэлэв. Тэгээд би Аминад «хөөрхөнүүдэд» ойртож очиж болох уу гэж дохив. Амина толгойгоо сэгсэрээд: «Аав аа, бүгдийг одоохон танд хэлнэ...» гэж шивнэв.


Гэрт буцаж ирсэний дараа Амина тайвширч, нүүрэн дээр нь баяр хөөр тодрон: «Аав аа, өчигдөр хичээлээс ирж тэднийг харахаар орсон чинь ээж нь гөлөгнүүдийн хажууд сууж байна. Над руу хараад, «иыйых, иыйых, баярлалаа, баярлалаа!» гэж хэлээд бүх дөрвөн шүдээ харуулж инээсэн шүү!


Энэ үгэнд би ч бас инээгээд «Тэр хулгана чамайг тэгээд таньсан юм уу? Баярлалаа гэж хэлснийг нь яаж мэдсэн юм бэ?»


«Тийм ээ, аав аа, сүүлд нь гөлөгнүүд нь бас намайг таньж авсан. Өглөө эрт би талх, хоолны үлдэгдэлийг дулаацдаг газарт нь тавьж явдаг. Үдээс хойш хичээлээс ирээд харахад ээж нь  идэж, тэднийг хөхүүлж байхыг харсан. Орой нь бас нэлээд хоол хаяхад өглөө идчихсэн байхыг хардаг. Ойртож очиход тэр надаас зугтахгүй...» Би гайхан толгой сэгсрэв. Яагаад гэвэл охины минь сайхан сэтгэл хүмүүсийн дайсагнадаг, хор цацаж хяддаг, хүмүүст дандаа муугаар хэлэгддэг тэр амьтаныг өөртөө дасгаж, найзалж нөхөрлөсөний гэрч боллоо шүү дээ би. Дахиад хэдэн долоо хоногийн дараа Амина хүнсний байшингийн хаалгыг түгжихээ болив. Учрыг нь асуухад өдөр богинсосон тул «хөөрхөнүүд» хуучин нар тусдаг газар дээрээ биеэ шарахаа больж, зөвхөн тавьсан хоолыг нь л идээд явчихдаг болжээ. Тэртээх өдрөөс нааш санаанд байсан сэжигээ шалгахын тулд би нээлттэй байшинд орж, тэнд байгаа эд зүйлсийн бүрэн бүтэн байдлыг сайтар шалгаж үзсэн чинь ямарч гэмтсэн юм нүдэнд өртсөнгүй. Тэр өдөр бүгдээрээ оройн хоол идэж байх үед би Аминагийн сар хагасын турш хархны гөлөгнүүдийг асарч байсаныг зарлаж орхилоо.


Хоёр сурагч, ээж нь, гэрт ирээд сууж байгаа дүү бүгдээр хэсэг зуур нам-гүм болсоноо, дараагийн ээлжинд нэг зэрэг «Яанаа, тэд байшин доторх бүх зүйлийг сүйтгэж хаясан байхаа!» гэж шуугилдав. Би итгэлтэйгээр толгойгоо сэгсрэв.


Амина «тэд үнэхээр хөөрхөн, тэд намайг таньдаг, тэд бидэнд муу юм хийдэггүй!» гэхэд, энэ үгийг сонссон хүмүүс хамгийн мухай зүйлийг ч сайхан болгож болно гэдэгт итгэх эсэхээ мэдэхгүй амаа ангайлган гайхширч байлаа... Энэ бол 1994 оны намар байлаа. Бидний сууж байсан байшин Алматы хотын хамгийн баруун захад Дружба тосгон байсан бөгөөд тэнд ихэнхдээ уйгар ах дүүс амьдардаг байсан юм. Одоо хотын Яссауи гудамж нэртэй болжээ. Тэр үед тосгоны баруун тал нь эзгүй бэлчээр газар байв. Гэр бүлээрээ тэнд өвөлжиж, хавар болоход отгон хүү Жаналтай маань эсэн мэнд энэ ертөнцөд мэндэлж, яг тэр өдөр үнээ маань тугаллаж, амаржсаны дараа эхнэртээ шинэ шөл уулгах зорилгоор авчирсан хонь ч яг тэр өдөр хургалсан нь үнэхээр гайхалтай байлаа. Бидний амьдралд санаанд орж байгаагүй хишиг буян ээлж ээлжээр тохиолдож байлаа. «Ана тили» (Төрөлх хэл) нэртэй долоо хоног тутмын хэвлэлийн урилгаар би ажилд орж, цалин авч, санхүүгийн асуудал ч шийдэгдэж эхлэв.


Тэр жилийн зун улс даяар өргөн хүрээтэй тэмдэглэж өнгөрүүлсэн их яруу найрагч Абайн зуун тавин жилийн ойд зориулж бидний Такежаны хот айлд барьсан иж бүрэн тоногтой үндэсний эсгий гэрийг маань олонд танил нэгэн бэлтэй хүн худалдаж авсан бөгөөд тэр мөнгөөр бид хотын төвөөс хоёр өрөө байр худалдаж авлаа...


Түүнээс хойш манай гэр бүл Алматы болон түүний эргэн тойронд дөрөв, таван удаа байр сэлгэж нүүж билээ. Тэр бүгдэд Аминагийн маань «хөөрхөнүүд» гэж нэрлэж дууддаг хархнуудтай учирч хөрш болж байсан юм. Гэхдээ бидэнд тэр танил бус хархнуудаас ямар ч хохирол муу юм тохиолдож байсангүй. Энэ нь үнэхээрээ гайхмаар юм байлаа. Ер нь хархны тухай ямар нэгэн яриа өрнөхөд бидэнд тохиолдсон зүйлийн талаар би хичнээн ч удаа найз нөхөд болон бусад хүмүүст яриа өрнүүлсэн нь бий. Тэгэхэд би эдгээр «муу хархнууд» нь өөрт нь тус хүргэсэн хүмүүст ямар ч хор хүргэдэгүйг батлаж хэлж байсан. Бас харх бол хүмүүс үзэн ядадаг чононоос ч илүү ухаантай байх гэсэн саналаа бас нэмэрлэж байв. Юу гэвэл, чоно нь өөрийнхөө мал малладаг хөршүүдэд хор хүргэдэггүй итгэл хүлээж чаддаг, евразийн нүүдэлчин ардад хээр талд дайсаныг яаж мэхлэх төчнөөн аргыг зааж өгсөн дайтах, хамгаалах урлагыг сүрхий мэддэг ухаантай, эзгүй хээр хаягдсан хүний сул дорой нялх хүүхдийг хор хүргэлгүй хөхүүлэн асардаг өрөвч... харин харх бол чононоос ч давуу талтай өөрсдийгөө хүний элдэв аюулаас хамгаалж өсөн үржэж чаддаг, тархсан орчиндоо хурдан дасаж өөртөө тохирох нөхцөлийг хурдан бий болгодог онцгой амьдрах чадвартай...


Нэмж хэлэхэд бидний гэр бүлд тохиолдсон үйл явдалыг эрэгцүүлэн бодоход харх бол нэг нэгтэй онцгой холбоо барьдаг гайхамшигтай онцлогтой байх гэсэн сэтгэгдэл төрүүлнэ.


Тэд бие биедээ мэдээлдэг онцгой системтэй гэх учир нь бидэнтэй хамт Дружбад байгаа харх тэртээ Медеу уулан дээрхи бид нүүж очсон Бутаковка тосгоны хархтай ямар садан төрөл, нөхөрлөлийн холбоотой байж болох вэ?! Медеугийн харх ч бидэнд ямарч хор хүргээгүй шүү дээ! г.м санаа бодолуудаа ярьсан билээ. Гэхдээ, олон хүн миний ярианд огт итгээгүй, тэд түүнийг үлгэр гэж үзэж үл тоомсорлон, доогтой инээж байхыг харсан.


Тэр бүү хэл, Хазанбай гэдэг найз маань хархтай маш их өширхсөн байж, мөлжиж суугаа хавирганы ясаа хуга мушгиж: «Тэр муу сайн новшнууд миний арван шуудай буудайг зөөгөөд явчихсан» гэж хэлж билээ. Тэхэд бид инээд алдаж, Хазанбайд хандан «Чи чинь хархыг алж устгадаг хичнээн хор цацсанаа нууж байна шүү! Тэд ч амьдрах эрхтэй учир чамтай дайтаж тэмцэлдэж байгаа нь тэр биш үү!?» гэв. Найз маань миний хэлсэнийг сонсонч тоосон ч үгүй. Үнэндээ, дэлхийн бүх хүмүүс өөрийн эрх ашигийг бүхэнээс дээгүүр тавьдаг муу зуршилаас салж чадаагүй өдий хүрч дэлхийн экосистемйг бүрэн эвдэж нүсэр катаклизмийн өмнө тулгарчээ.


Агуу их бүтээгч Эзэн маань: «Би энэ дэлхийд ямар ч хэрэггүй зүйлийг бий болгоогүйтэйгээ адил, бүхнийг зөвхөн хүний төлөө бүтээсэн бөгөөд бүгд эв найртай байхыг захисан юм!» гэсэн ариун өчилд нь бидний ойлгож мэдээггүй ямар нэгэн учир-начир байдаг л байх... Бодит үйл явдалтай үндэсэлсэн өгүүллэгтэй филсофи дүгнэлт эрх биш орууалсандаа уншигч эрхэм нараас уучлалт гуйж, Амина охины маань амьдралын явц нь ямаршуу болсоноор яриагаа өндөрлөвөл зохино байх гэж бодлоо. Амина охин Алматы хотоос дунд сургуулиа онц төгсч дараа нь Турк улсад Исламын бэлгэх курсыг улаан дипломтой дүүргэж Египет дэхь олон улсын Исламын Их сургуульд элссэн билээ. Тэнд гэр бүлтэй болж гурван ихэр төрүүлсэн сонин түүхтэй. 2013 оны өвөл Улаанбаатар хотод оршин сууж байгаа надтаа алгын чинээ гурван ихэрийн нүцгэн зургыг илгээхэд, би даруй өнөөх хархын улаан зулзагнуудыг санаж баярласандааа нүд дүүрэн нулмистай зогсож билээ.


Абай Маухара