sonin.mn

ЛОНДОН, 2025 оны нэгдүгээр сарын 24 /TASS/. Домогт Битлз хамтлаг 1977 оноос хойш анх удаагаа “Brit Awards” шагналд нэр дэвшжээ. 

Тодруулбал, тус хамтлагийн хамгийн сүүлчийн уран бүтээл болох “Now And Then” дуу Их Британийн хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг тодруулдаг Brit Awards наадмын “Оны дуу” шагналын төлөө өрөлдөхөөр болсон байна. 1978 онд хамтлагийн ахлагч Жон Ленноны анх бичүүлж байсан энэ дууг бүтээхэд 45 жил зарцуулсан бөгөөд 2023 оны 11 дүгээр сард олны хүртээл болсон даруйдаа Их Британийн чартуудыг тэргүүлж эхэлсэн юм.  

“Оны дуу” шагналын төлөө Битлз хамтлагаас гадна “Coldplay” хамтлаг (Feels Like I'm Falling in Love), поп дуучин Дуа Липа (Training Season), дуучин Artemas (I Like the Way You Kiss Me) зэрэг 14 нэр дэвшигч өрсөлдөнө. 




"Now and Then" дууны найруулгыг хийхдээ Жон Ленноны 1970-аад оны сүүлээр төгөлдөр хуур дээр тоглож байсан бичлэгийг ашиглажээ. Ж.Леннон нас барсны дараа түүний бэлэвсэн эхнэр Йоко Оно дууны анхны хувилбарыг Пол Маккартнид өгсөн боловч чанар нь дэндүү муу байсан байна. 1990-ээд оны дундуур Битлзийн гурван гишүүн “Аntology” төслийн хүрээнд энэ дуун дээр ажиллах гэж оролдсон боловч дуусгаж чадаагүй аж. Гэхдээ Жорж Харрисон дууны гитарын хэсгийг бичиж амжсан байна.




2022 онд Пол Маккартни, Ринго Старр нар хуурцганд бичсэн чанар муутай уг бичлэгээс Жон Ленноны дуу хоолойг төгөлдөр хуурын эгшиг болон бусад бүх чимээ шуугианаас салгахын тулд хамгийн сүүлийн үеийн технологийг ашигласнаар “Now And Then” -ийг бүтээж дуусгажээ.  

“Brit Awards” хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслол Лондон хотын “O2 Arena” цогцолборт гуравдугаар сарын 1-нд болно. Энэхүү шагналыг 1982 оноос хойш жил бүр олгож байна.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг