Нэгдүгээр сарын 21-ний үдээс хойш, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар видео уулзалт хийжээ.
Эхлээд хоёр улсын төрийн тэргүүн нар харилцан шинэ оны мэндчилгээ дэвшүүлэв. Ши Жиньпин хэлэхдээ, "Хятадын уламжлалт шинэ жил буюу хаврын баяр болоход хэдхэн хоног үлдээд байна. Энэ цаг үед Ерөнхийлөгч тантай видео уулзалт хийж байгаадаа маш их баяртай байна. Шинэ нэг жилд Хятад, Оросын харилцаа улам хөгжиж, амжилт бүтээлээр дүүрэн байхыг хүсэн ерөөе гэсэн бол Путин "Шинэ оны эхэнд Ши Жиньпин даргатай видео уулзалт хийж буйдаа маш их баяртай байна. Энд Ши Жиньпин дарга болон Хятадын ард түмэнд шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" гэлээ.
Ши Жиньпин энэ үеэр хэлэхдээ, "2024 онд та бид гурван удаа уулзаж, олон чухал нийтлэг ойлголтод хүрсэн. Хоёр орон дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж, өнө мөнхийн найрамдалт хөрш, иж бүрэн стратегийн хамтын ажиллагаа, харилцан ашигтай хамтдаа хожих үзэл баримтлалын дагуу Хятад, Оросын харилцааг цоо шинэ эрч хүчээр сэлбэсэн. Түүнчлэн 2024 оны Хятад, Оросын соёлын жилийн арга хэмжээг баялаг агуулгатай зохион байгуулж, ажил хэрэгч хамтын ажиллагаагаа урагшлуулснаар хоёр талт худалдааны хэмжээ өсөлтөө хадгалж чадлаа. Мөн НҮБ, ШХАБ, БРИКС зэрэг олон талт механизмын хүрээнд зохицуулалтаа эрчимжүүлж, глобал засаглалын тогтолцооны өөрчлөлт болон бүтээн байгуулалтыг улам их эерэг эрч хүчээр сэлбэсэн.
Шинэ онд Ерөнхийлөгч тантай хамтран Хятад, Оросын харилцааг улам өндөрт гаргаж, харилцааны эрүүл тогтвортой байдал болон уян хатан чанарт түшиглэн гадаад орны тогтвортой хүчин зүйлүүдийг зохицуулж, хамтдаа хоёр орны хөгжил, тэрчлэн олон улсын шударга ёсыг хамгаалж ажиллахад миний бие бэлэн байна. Хоёр тал стратегийн хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, үргэлжлүүлэн харилцан тууштай дэмжиж, төв ёсны ашиг сонирхлоо хамгаалах ёстой.
2025 онд Хятадын ард түмний Японы түрэмгийллийг эсэргүүцсэн дайн, ЗХУ-ын Аугаа эх орны дайн, дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ой, НҮБ байгуулагдсаны 80 жилийн ой тус бүр тохиож байна.
Хятад, Орос хоёр орон энэ боломжийг ашиглан НҮБ-тай хамтран олон улсын тогтолцоог, мөн дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр дүнг хамгаалж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг бүх улс орон дагаж мөрдөх, олон улсын харилцааны нийтээр хүлээн зөвшөөрсөн үндсэн хэм хэмжээг баримталж, жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэхийг дэмжих ёстой. Хятад улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит даргын хувьд Орос болон бусад гишүүн орнуудтай хамтран ажиллаж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг өндөр чанартай хөгжлийн шинэ шатанд илүү хариуцлага, чадавхтай болгоход бэлэн байна. Хятад, Орос мөн "Их БРИКС-ийн хамтын ажиллагаа"-г хамтаар ахиулж, "Дэлхийн өмнөд"-ийн орнуудын эв нэгдэл, бие даасан хөгжлийн шинэ хуудсыг бичиглэх ёстой гэжээ.
Харин Путин хэлэхдээ, "Орос, Хятад хоёр орон үргэлж бие биедээ итгэж, бие биеэ дэмжиж, эрх тэгш харьцаж ирсэн бөгөөд хоёр талын хамтын ажиллагаа нь хоёр орны ард түмний ашиг сонирхолд нийцэх бөгөөд олон улсын нөхцөл байдлын өөрчлөлтийн сөрөг нөлөөнд автаж байгаагүй юм. Хоёр орны эдийн засаг, худалдаа, эрчим хүчний хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж, жуулчдын харилцан айлчлалын тоо нэмэгдсээр бөгөөд олон талт тавцанд Орос, Хятад нягт харилцаа холбоо, хамтын ажиллагаатай байж байгаад баяртай байна. Тайвань бол Хятадын нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг гэдгийг Орос улс тууштай дэмжиж, аливаа хэлбэрийн "Тайванийг тусгаарлах" оролдлогыг эрс эсэргүүцнэ. Одоогоос 80 жилийн өмнө Орос, Хятадын ахмад үеийнхэн алтан амь халуун цусаараа түрэмгийлэгчдийг сөрөн зогсож, улс орны бүрэн эрхт байдал, үндэсний нэр төрөө хамгаалсан юм. Энэ онд бид дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 80 жилийн ойг хамтдаа тэмдэглэж, дэлхийн хоёрдугаар дайны үр дүнг хамгаалах болно. Орос улс Хятад улстай олон талт үйл хэрэг дэх хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхийн энх тайван, хөгжилд идэвхтэй үүрэг гүйцэтгэхийг хүсэж байна гэжээ.
Төрийн тэргүүн нар мөн олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцож, шинэ ондоо үргэлжлүүлэн холбогдох асуудлаар стратегийн чанартай холбоотой ажиллахаа мэдэгдсэн байна.
Г.Бямба
Сэтгэгдэл1
Их гүрнүүд энэ зэргийн нэгдмэл байх нь Монголчуудын эрх ашиг хавчуулагдаад болчихно доо.