sonin.mn

Зэвсэгт хүчний Жанжин штабаас Боловсролын яамтай хамтран өнгөрсөн оны 11 дүгээр сараас “Батлан хамгаалах үйлсэд оюутан залуус” төслийг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Бид уг төслийн өнөөгийн явц, хэрэгжилтийн талаар Зэвсэгт хүчний ТХЦК-ын Цэрэг-иргэний ажиллагааны хэлтсийн дарга хурандаа С.ТЭМҮҮЛЭНЗАЯА-гаас тодрууллаа.


Та юуны өмнө “Батлан хамгаалах үйлсэд оюутан залуус” төслийн зорилго, ач холбогдлын талаар тодруулна уу?


-Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улс өөрийгөө хамгаалах Зэвсэгт хүчинтэй байна”, “Монгол Улсын иргэн нь эх орноо хамгаалах үүрэгтэй” зэргээр тунхагласан байдаг. Энд иргэн гэсэн байгаа биз. Эрэгтэй эсвэл эмэгтэйн аль нэг нь хамгаална гэсэн үг байхгүй. Тэгвэл Монгол орны ирээдүйн өнгө төрх, нүүр царай болох өнөө цагийн оюутан, залууст монгол цэрэг, Зэвсэгт хүчний талаар танилцуулах, үнэн зөв ойлголт мэдээлэл өгөх, тэдний эх оронч үзэл бодол, оюун ухамсар, сэтгэл зүйд судалгаа явуулж, дүгнэлт гаргах, цэрэг эх оронч үзэл, хүмүүжил олгох, цаашид энэ чиглэлээр хүүхэд залуучуудын дунд зохион байгуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаа, арга хэмжээг тодорхойлох, мэдээллийн сан бий болгох нь манай төслийн гол зорилго юм. Олон улсын геополитикийн нөхцөл байдал хүндэрсэн, олон туйлт дэлхий ертөнц бий болсон энэ цаг үед монгол цэргийн дайчин уламжлал, эх оронч үндэсний үзлийг бадраах, улмаар оюутан залууст өнөөгийн Зэвсэгт хүчний талаар үнэн зөв, бодит ойлголтыг өгөх, тэдний санаа бодлыг сонсож, хамтран ажиллах төсөл хэрэгжиж эхэлсэн нь цагаа олсон, үр дүнтэй, ач холбогдолтой үйл явдал болж байна гэж ойлгож байгаа.


May be an image of 7 people

Эл төсөл хэдий хугацаанд хэрэгжих вэ? Өнөөгийн явц байдлын талаар баримт дурдан өгүүлэх байх...


-Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны хөтөлбөр, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай хуулиуд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар батлагдсан “Иргэн-цэргийн харилцааг зохион байгуулах ерөнхий журам”-ын иргэн-цэргийн харилцааны үндсэн чиглэл зэрэг нь энэ төслийг хэрэгжүүлэх үндэс болсон юм. “Батлан хамгаалах үйлсэд оюутан, залуус” төсөл өнгөрсөн оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхэлсэн. Өнөөгийн байдлаар манай төсөлд МУИС, АШУҮИС, ШУТИС, МУБИС, ХААИС, СЭЗИС, ХУИС, ДХИС, СУИС-аас гадна Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, Технологийн Их Сургууль, Эм Зүйн Шинжлэх Ухааны Их Сургууль, “Отгонтэнгэр”, “Этүгэн”, Олон Улсын Улаанбаатар Их Сургууль, “Их засаг”, “Сити”, “Мандах” Олон Улсын Их Сургууль зэрэг Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон хувийн хэвшлийн 17 их, дээд сургуулийн 5300 гаруй оюутан, залуус хамрагдаад байна. Ерөнхийдөө оюутан залуусын маань идэвх оролцоо сайн байгаа төдийгүй тэд өнөөгийн Зэвсэгт хүчний талаар тодорхой, бодитой ойлголт авч чадаж байгааг тухайн сургуульд өрнүүлсэн үйл ажиллагааны дараах чөлөөт ярилцлага, тэдний сэтгэгдэл, санал хүсэлт зэргээс харж болохоор байна. Ер нь төсөл маань энэ оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжилж, нийт 60 их, дээд сургуулийн оюутан залуусын төлөөллийг хамруулахаар төлөвлөсөн. Төслийн тайлангаа 7 дугаар сарын 1-ний өдрийн дотор Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, үр дүнг нь тооцно.


May be an image of 2 people and text

Чухам оюутан залуусыг ийнхүү онцлохын учир юу вэ?


-Бид 2023 оноос “Байгальд амьдрах арга ухаан” төслийг хүүхэд, багачуудын нас, сэтгэхүйн онцлогт тохируулан эх оронч хүмүүжил, уламжлалт ёс заншил, хээрийн нөхцөлд амьдрах арга техник, өөртөө болон нөхөртөө эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх зэрэг багц сэдвийн хүрээнд хүүхдийн зуслангуудтай хамтран зохион байгуулж ирсэн. Миний санаж байгаагаар 2024 онд л гэхэд 11 мянга гаруй сурагч, багачууд уг төсөлд хамрагдсан.


Цахим хэрэглээнд донтсон, багаар хамтарч бодит харилцаанд орох нь багассан, ардын ёс заншил, эх орноо хайрлах үнэлэмж суларсан, гаднын соёлыг даган дуурайх болсон энэ цаг үед “Байгальд амьдрах арга ухаан” төсөл маань маш их өгөөжтэй үр дүнтэй ажил болсон юм.


Тэгвэл оюутан залуусынхаа ухамсар, үзэл бодолд судалгаа хийх, санаа бодлыг нь сонсох, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох, хамтран ажиллах шаардлага зайлшгүй гарч ирж байгаа юм. Түүнчлэн оюутан залуустай ажиллах, харилцах үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрийн орон зай, хүлээлт байсан хэрэг. Оюутан залуус бол эх орны минь ирээдүй, маргаашийн сэхээтнүүд учир тэд зөв ойлголттой, зөв бодолтой, эх оронч үзэлтэй байх ёстой.


Танд баярлалаа. Төслийн үйл ажиллагаанд тань амжилт хүсье.


Д.ГҮНЖИЛМАА