ТОКИО, 2025 оны нэгдүгээр сарын 16 /NHK/. Японд ирсэн гадаадын жуулчдын тоо өнгөрсөн онд түүхэн дээд хэмжээнд хүрч, коронавирусний цар тахал дэгдэхээс өмнөх үеийн хамгийн өндөр үзүүлэлтээс давжээ. Аялагчдын зардал ч мөн рекорд хэмжээнд хүрсэн байна.
Японы Үндэсний аялал жуулчлалын байгууллагын тооцоолсноор, 2024 онд тус улсад 36.8 сая гаруй гадаадын жуулчин иржээ. Энэ нь цар тахлын улмаас хил хаахаас өмнө буюу 2019 онд бүртгэгдсэн түүхэн дээд үзүүлэлтээс 15 хувиар илүү байна.
АНУ, Өмнөд Солонгосоос ирсэн жуулчдын тоо 2019 онтой харьцуулахад тус бүр 58 орчим хувиар, Тайванийн жуулчдын тоо 23.6 хувиар өсжээ. Харин Хятадаас ирсэн аялагчдын тоо 27.2 хувиар буурсан байна. Мөн олон улсын жуулчдын нийт зардал 8 их наяд иен буюу 52 тэрбум ам.доллароос давжээ. Японы Засгийн газар 2030 он гэхэд 60 сая гадаадын жуулчдыг хүлээн авах зорилт тавьж, тэдний зардал 95 тэрбум ам.долларт хүрнэ гэж тооцоолж байна.
Японы Аялал жуулчлалын агентлагийн комиссар Харайкава Наоя хэлэхдээ, 60 сая жуулчин татах нь том амбиц мэт санагдаж байна, гэхдээ хувийн хэвшлийнхэнтэй хамтарч ажиллавал үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна гэжээ.
Харин албаны хүмүүсийн үзэж байгаагаар, хэтийдсэн аялал жуулчлалаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай ажээ. Үүний сацуу хамгийн том гурван хотоос бусад газруудад жуулчдыг татах нь зүйтэй гэж үзжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Япон хүмүүс маш дэг журамтай, хүмүүжилтэй соёлтой сайн хүмүүс юм шиг. Гэхдээ л нэг хэг ёг, дэег дого гэсэн сониоон тээ