НЬЮ-ЙОРК, 2025 оны нэгдүгээр сарын 16. /TASS/. Лос-Анжелест дэгдсэн түймрийн улмаас Оскарын шагнал гардуулах ёслол энэ онд түүхэндээ анх удаа цуцлагдаж магадгүй гэх мэдээллийг Америкийн кино урлагийн академи үгүйсгэжээ. Энэ тухай “The Hollywood Reporter” сэтгүүлд мэдээлсэн байна.
“Бид академийн албан тушаалтнуудаас, мөн тухайн мэдээнд дурдагдсан жүжигчдээс асууж тодруулсан бөгөөд цуцлахаар төлөвлөөгүй, зөвлөх хороо байгуулаагүй гэдгийг баттай мэдээлж чадна" гэж тус сэтгүүлд бичсэн байна.
“96 жилийн түүхтэй Оскарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа цуцлагдахын даваан дээр байна" гэж Их Британийн “The Sun” сонин эх сурвалжуудыг эш татан мягмар гарагт мэдээлжээ. Эх сурвалжуудын ярьснаар, түймрийг ирэх долоо хоногт унтраасан ч гэсэн уршиг нь хэдэн сарын турш мэдрэгдэнэ, иймээс Америкийн кино урлагийн академи нөхцөл байдал цаашид хэрхэхийг ажиглахаар Том Хэнкс, Эмма Стоун, Мерил Стрип, Стивен Спилберг зэрэг Холливүүдийн нэрт зүтгэлтнүүдээр ахлуулсан хороо байгуулжээ.
Ёслолыг хэрхэн явуулахыг шийдэх академийн цорын ганц байгууллага бол Удирдах зөвлөл юм. Тус зөвлөл ёслолыг зохион байгуулна гэж шийдвэрлэсний зэрэгцээ шагналд нэр дэвшигчдийг зарлах өдрийг нэгдүгээр сарын 19-нөөс 23-нд шилжүүлсэн байна.
Ёслолын ажиллагааг "түймрийн уршгийг арилгахад хандив цуглуулахын тулд нэр төртэй зохион байгуулах ёстой. Ёслолыг цуцлах эсэхийг академи дангаараа шийдэх ёсгүй, төлөвлөгөөнд оруулах аливаа өөрчлөлтийг олон жилийн түнш болох ABC өргөн нэвтрүүлгийн корпорацтай зөвшилцөх ёстой. Одоогоор ёслолыг зохион байгуулах ёстой гэсэн санал давамгайлж байна" гэж “The Hollywood Reporter” сэтгүүлд бичжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0