ТОКИО, 2025 оны нэгдүгээр сарын 16 /NHK/. Японы гарааны компанийн зохион бүтээсэн сарнаа буугч төхөөрөмжийг Америкийн пуужингаар Флорида муж улсаас хөөргөсний дараа тойрог замд амжилттай оржээ.
Токиод төвтэй “ispace” гарааны компани 2023 оны дөрөвдүгээр сард Саран дээр аппаратаа газардуулах анхны оролдлого нь бүтэлгүйтсэний дараа хоёр дахь удаагаа оролдсон нь энэ юм.
Орон нутгийн цагаар лхагва гаргийн шөнийн 01:00 цагийн үед буугч төхөөрөмжийг тээсэн пуужин Кеннедигийн нэрэмжит сансрын төвөөс хөөрсөн байна. Сансрын хөлөг 90 орчим минутын дараа пуужингаас салж, тойрог замд оржээ. Аппарат одоо хэд хэдэн маневр хийж Саранд ойртох бөгөөд ирэх тавдугаар сарын сүүлчээс зургаадугаар сарын эхэн үеийн хооронд буух оролдлого хийнэ.
Өнгөрсөн онд Америкийн “Intuitive Machines” компани Саран дээр төхөөрөмжөө газардуулсан анхны хувийн компани болсон юм. Лхагва гарагт Америкийн “Firefly Aerospace” компани мөн дээр дурдсан пуужингаар буугч төхөөрөмжөө хөөргөсөн бөгөөд гуравдугаар сард Саран дээр газардуулахаар төлөвлөж байна.
Хэрэв “ispace” зорилгоо биелүүлж чадвал Саран дээр төхөөрөмжөө газардуулж чадсан анхны Японы хувийн компани болно. Компанийн гүйцэтгэх захирал Хакамада Такеши хэлэхдээ, бид хоёр жилийн өмнөх анхны оролдлогоос сургамж авч, энэ удаа илүү итгэлтэйгээр ажиллаж байна гээд, бид аппаратаа газардуулах төлөвлөгөөгөө тууштай үргэлжлүүлнэ гэв.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0