sonin.mn

ШИНЭ ДЕЛИ, 2025 оны нэгдүгээр сарын 15 /DW/. Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хот болон тус хотын эргэн тойрны бүсүүдийг өнөөдөр өтгөн манан бүрхсэн нь галт тэрэгний хөдөлгөөн, нислэгийн хуваарьт нөлөөлжээ. Нислэгийн хөдөлгөөнийг хянадаг Flightradar 24 порталын мэдээллээр, Шинэ Делигийн гол нисэх буудлаас хөөрч буух 100 гаруй нислэг хойшлогдсон байна. Мөн Энэтхэгийн хойд нутагт 40 гаруй галт тэрэгний хөдөлгөөн саатсан гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.


Энэтхэгийн Цаг уурын албанаас улбар шар буюу хоёрдугаар түвшний сэрэмжлүүлэг гаргаж, олон газарт өтгөн манан үүсэхийг анхааруулжээ. Дели хотын нисэх онгоцны буудлын үзэгдэх орчин тэгээс 100 метрийн хооронд байсан гэж тус агентлаг мэдээлсэн байна


Тус улсын хамгийн том агаарын тээвэрлэгч “Indigo Airlines” компанийн мэдээлснээр, Делигийн дээгүүр үзэгдэх орчин хязгаарлагдаж, манан үүссэн нь зарим саатал үүсэхэд нөлөөлж болзошгүй байна. Үзэгдэх орчин хязгаарлагдсаны улмаас замын хөдөлгөөн саарч, хотын зам дээр машинууд "эмгэн хумс"-ны хурдаар явж байгаа нь дүрс бичлэгээс харагдана.


Агаарын хэм Цельсийн -7 хэм хүртэл буурч, агаарын чанар муудсан нь байдлыг улам дордуулжээ. Өвлийн улиралд Ганга мөрний хөндийн нам дор газар нутагт манан дэгддэг.


Лхагва гарагт Дели хотын агаарын бохирдол Швейцарын IQAir группийн шууд үнэлгээгээр 437 буюу “аюултай” гэсэн үзүүлэлттэй гарсан байна. Тус хот дэлхийн хамгийн их бохирдолтой хотод тооцогддог бөгөөд өвлийн улиралд агаарын чанар улам мууддаг. Өнгөрсөн 11 дүгээр сард Энэтхэгийн нийслэлд өтгөн утаа бүрхсэний улмаас хотын амьдрал зогсонги байдалд орж байв.

 


Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг