sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны нэгдүгээр сарын 13 /CNN/. Америкийн тэрбумтан, “Лос-Анжелес Дожерс” багийн эзэн асан Фрэнк Маккортын удирдсан хэсэг хүмүүс “TikTok” платформыг худалдаж авах албан ёсны саналыг Хятадын “ByteDance” компанид тавьжээ.

“TikTok-ыг худалдаж авах хүсэлтэй хүмүүсийн нэгдэл” гэгдэх уг бүлэг мөн “Shark Tank” нэвтрүүлгийн нэрт хөрөнгө оруулагч Кевин О'Лиригийн дэмжлэгийг авчээ. Тэд “ByteDance” компанид “TikTok”-ыг авах саналаа хүргүүлсэн гэдгээ мэдэгдсэн байна. Гэхдээ ямар үнэ санал болгосноо дурдсангүй. Гэсэн хэдий ч “ByteDance” компанийн зүгээс “TikTok”-ыг худалдахгүй гэж удаа дараа мэдэгдэж байсан тул энэ саналыг хүлээж авах эсэх нь тодорхойгүй байна. 




Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ерөнхийлөгч Жо Байден уг нийгмийн сүлжээг хориглох тухай хуульд гарын үсэг зурсны дараа “ByteDance” компани “TikTok”-ыг зарах бодолгүй байгаагаа мэдэгдэж байв. Энэ сарын 19-ний өдрөөс хэрэгжиж, Америкийн 170 сая гаруй хэрэглэгчийг “TikTok” хэрэглэхийг хориглох хуулийг тус компанийн зүгээс үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчсөн гэж үзэж, хэрэгжилтийг нь түр зогсоох хүсэлтийг шүүхэд гаргаад байгаа юм.  




“TikTok” болон “ByteDance”-ийн зүгээс дээрх саналын талаар тодруулга авах хүсэлтэд одоогоор хариу өгөөгүй байна. “TikTok” бол Америкийн технологийн томоохон компаниудтай өрсөлдөж дэлхийн хэмжээний амжилтанд хүрсэн Хятадын анхны нийгмийн сүлжээний аппликейшн юм. “TikTok”-ыг худалдаж авах хүсэлтэй хүмүүсийн нэгдэл”-ийг мөн хөрөнгө оруулалтын “Guggenheim Securities” фирм болон эрдэмтэн судлаачид дэмжиж байна.

Ф.Маккорт хэлэхдээ, уг нэгдэл гэрээг эцэслэхийн тулд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамптай хамтран ажиллахаар төлөвлөж байна гэжээ. Тэдний зорилго бол “TikTok”-ын америк хувилбарыг алгоритмгүйгээр нь худалдан авч, Америкт зохион бүтээсэн технологи дээр дахин бүтээх явдал ажээ. Хятадын Худалдааны яам өмнө нь “TikTok”-ыг албан хүчээр худалдах явдлыг хатуу эсэргүүцнэ гэж мэдэгдэж байв.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг