sonin.mn

ЛОС-АНЖЕЛЕС, 2025 оны нэгдүгээр сарын 11 /BBC/. АНУ-ын Лос-Анжелес хотод дэгдээд буй ойн түймрийн улмаас амь эрсэдсэн хүний тоо 11-т хүрч, 10 мянга гаруй байшин барилга сүйдээд байна. Хотод болон хотын эргэн тойронд гал түймэрт өртөж сүйдсэн газруудад шөнийн цагаар хөл хорио тогтоох шийдвэр удахгүй хэрэгжиж эхэлнэ. Цагдаа нар жигшүүрт дээрэм тонуул хийсэн хүн бүрийг баривчлах болно гэдгийг анхааруулжээ. 




Үүний зэрэгцээ Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсом түймэртэй тэмцэхэд усны хомсдол хэрхэн нөлөөлж буй талаар бие даасан мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг үүрэг болгосон байна.




Түүнчлэн оршин суугчдын гар утсанд нүүлгэн шилжүүлэхэд бэлтгэхийг анхааруулсан андуу ташаа зурвасыг хоёр дахь удаагаа илгээсний дараа Лос-Анжелесийн холбогдох албаны хүмүүс хүлцэл өчжээ. 

Ерөнхийлөгч Жо Байден Лос-Анжелест үүсээд буй нөхцөл байдлыг “дайны талбар” гэж тодорхойлоод, амиа алдагсдын тоо цаашид нэмэгдэх магадлалтайг анхааруулжээ. Цаг агаарын урьдчилсан мэдээгээр улам хүчтэй салхилах төлөвтэй байгаа нь түймэр улам өргөн хүрээнд тархах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байна.


Э.Хулан


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг