ОТТАВА, 2025 оны нэгдүгээр сарын 11 /Reuters/. Канадын Ерөнхий сайд Жастин Трюдогийн халааг авах хүнийг сонгох сонгуулийг ирэх гуравдугаар сарын 9-нд явуулна гэж тус улсын эрх баригч Либерал нам мэдэгджээ.
Ж.Трюдо намын дарга, Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорно гэдгээ даваа гарагт мэдэгдсэн юм. Тэрбээр 2015 оноос хойш Засгийн газрыг тэргүүлж байгаа бөгөөд түүний рейтинг унасан үед ийм шийдвэр гаргажээ. Инфляц болон бусад асуудлыг хэрхэн зохицуулж байгаа нь дэмжигчдийнх нь түвшин буурахад нөлөөлсөн байна.
Канадын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Кристиа Фриландыг тэргүүлэх магадлалтай нэр дэвшигчээр нэрлэж байна. Ж.Трюдотой зөрчилдөж байсан К.Фриланд өнгөрсөн сард Шадар сайд, Сангийн сайдын албан тушаалаасаа гэнэт огцорсон юм. Төв банкны тэргүүн асан Марк Карни мөн сонгуульд ялах магадлалтай хүмүүсийн тоонд багтаж байна.
Канадын дараагийн Ерөнхий сайд хэн ч болсон бай Дональд Трампын засаг захиргаатай хамтран ажиллах шаардлагатай болно. АНУ-ын хилээр нэвтэрч буй “гэмт хэрэг, мансууруулах бодисны” урсгалыг зогсоохгүй бол Канадаас импортлох бүх бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулна гэж Д.Трамп мэдэгдээд байгаа юм.Пүрэв гарагт CNN телевизэд ярилцлага өгөх үеэрээ Ж.Трюдо хэлэхдээ, хэрэв Д.Трамп татвар ногдуулах шийдвэрээ хэрэгжүүлбэл “Америкийн хэрэглэгчдийн Канадаас худалдаж авдаг бүх зүйл гэнэт илүү үнэтэй болно” гэжээ. Ингэхдээ тэрбээр Канадын газрын тос, байгалийн хий, мод болон бусад экспортын гол барааг хэлсэн бололтой.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0