НЬЮ-ЙОРК, 2025 оны нэгдүгээр сарын 9 /TASS/. “SpaceX” компанид зохион бүтээсэн аварга том “Starship” сансрын хөлгийг хөөргөх долоо дахь удаагийн туршилтыг нэгдүгээр сарын 13-нд хийнэ гэж тус компани мэдээлжээ. Энэ удаагийн туршилтаар “Starship”-ийн шинэ загварыг дэлхий орчмын тойрог замд гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд хөлгийн загварыг нэлээд сайжруулжээ.
Үүнээс гадна туршилтын нислэгийн үеэр "Starlink" сүлжээний 10 хиймэл дагуулыг тойрог замд гаргах, мөн “Starship”-ийн угсралтын байдлыг шалгахын тулд зарим дулаан тусгаарлагч хавтанг салгаж авахаар төлөвлөж байгаа ажээ.
“Starship” сансрын хөлгийн зургаа дахь туршилтын нислэг өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп хөөргөх ажиллагааг үзсэн юм. Уг хөлгийг дэлхий орчмын тойрог замд нислэг үйлдэх, сансрын нисгэгчдийг Сар, Ангарагт төдийгүй түүнээс алсад илгээх зорилгоор зохион бүтээжээ. Тус хөлөгт зориулж 33 хөдөлгүүр бүхий олон удаа ашиглах зориулалттай, хэт хүнд даацын “Super Heavy” зөөгч пуужинг бүтээсэн байна. "Super Heavy" болон "Starship" хөлөг дэлхийд эргэн газардахдаа эгц босоо байдлаар бууна. Зөөгч пуужин, сансрын хөлгийн урт нь нийлээд 121 м бөгөөд /Starship-50 м, Super Heavy-71 м/ диаметр нь 9 м, даац нь 100-150 тонн ажээ.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Gaihaltai mundag.