АРМОНК, 2025 нэгдүгээр сарын 7 /new-science/. Америкийн технологийн томоохон компани болох "International Business Machines" (IBM) энэ онд зэрэгцүүлэн холбосон хэд хэдэн квант процессоруудын тооцоолох хүчийг нэгтгэх замаар хамгийн өндөр хүчин чадалтай квант компьютерыг бүтээж шинэ амжилт тогтоохоор төлөвлөж байгаагаа мэдэгджээ.
Тус компани хоёр квант процессорыг нэгтгэх туршилт амжилттай болсны дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна. Энэ төлөвлөгөөг хэрэгжүүлсний дараа боловсруулах кубитийн тоогоор 2025 он гэхэд дээд үзүүлэлтэд хүрэх бол 2026 он гэхэд 4000 кубитээс давах төлөвтэй байна.
Квант процессорууд, QPU буюу өгөгдөл боловсруулах квант нэгж бол квант битүүдийг (кубит) боловсруулдаг, квант компьютеруудын үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд юм. Нэг ёсондоо энгийн компьютеруудын төв процессор гэсэн үг. IBM компанийн мэргэжилтнүүдийн зургаан жил орчмын өмнө зохион боловсруулсан анхны QPU нь 20 кубитийг боловсруулах чадалтай. Харин өдгөө Condor компанийн QPU 1 121 кубит, Atom Computing гарааны компанийнх 1 180 кубитийн хүчин чадалтай байна.
IBM компанийн хувьд хэдэн мянга хүртэл кубитийг боловсруулах хүчин чадалтай илүү том процессоруудыг бүтээх ажлыг энэ оноос эхлүүлэхээр төлөвлөжээ. Гэвч QPU-г хөгжүүлэх явцад томоохон асуудал тулгарч байгаа нь системийн хэмжээ томрох тусам алдааны давтамж нэмэгдэж байгаа аж.
Энэ саадыг даван туулахын тулд алдаа засах найдвартай систем хэрэгтэй. Ингэхийн тулд IBM-ийн мэргэжилтнүүд өөр өөр бүрэлдэхүүн хэсгүүдийг нэгтгэсэн модульчлагдсан аргыг хэрэглэхээр төлөвлөж байгаа аж. " Бидний зорилго бол квант баримжаатай супер компьютер бүтээх явдал юм" гэж IBM-ийн квант тооцооллын судалгаа хариуцсан дэд ерөнхийлөгч Жей Гамбетта компанийн 2025 он хүртэлх замын зураглалын тухай нийтлэлдээ дурджээ.
“Квант баримжаатай супер компьютер нь квант процессорууд, сонгодог процессорууд, квант холбооны сүлжээ, сонгодог сүлжээнүүдийг нэгтгэх бөгөөд эдгээр нь бүгд тооцоолох ажлын арга замыг өөрчлөхийн тулд хамтран ажиллах болно”.
Ингэснээр зэрэгцүүлэн холбосон олон QPU-гийн тооцоолох хүчийг нэгтгэн нэг төхөөрөмж шиг ажиллуулах боломжтой болох ажээ. Өнгөрсөн 11 дүгээр сард IBM-ийн баг зэрэгцээ холбогдсон, яг нэг төхөөрөмж шиг ажилладаг хоёр QPU-г анх удаа туршжээ. QPU тус бүр 127 хүртэлх кубитийг боловсруулах хүчин чадалтай бөгөөд ажиллаж байх үедээ холбоо харилцааны системээр өөр QPU-тэй холбогддог аж. Түүнчлэн тэдгээрт алдааг засдаг төхөөрөмж болон үе үе холболт шаарддаг квант төлөвийг өдөөх системийг угсарчээ. IBM-ийн баг энэ аргыг 462 кубит боловсруулах чадалтай Flamingo QPU-гийн дараагийн үе рүү нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Тэдгээрийн дор хаяж гурвыг нь зэрэгцээ холбож, 1386 хүртэл кубитийг боловсруулах чадалтай системд нэгтгэх бөгөөд энэ нь одоогийн рекордоос хамаагүй илүү юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0