sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2025 оны нэгдүгээр сарын 6 /BBC/. Нэгдүгээр сарын 5-наас эхлэн автомашины жолооч нар Нью-Йорк хотын хамгийн хөл хөдөлгөөнтэй бүсүүдийн нэг болох 60-р гудамжнаас урагш орших Манхэттэн дүүрэг рүү нэвтрэхийн тулд 9 ам.доллар төлөх ёстой. Ингэснээр "түгжрэлийг бууруулах бүс" гэгдэх хэсэг рүү нэвтрэх автомашины тоо хамгийн цөөндөө гэхэд 80 мянгаар буурна гэж эрх баригчид үзэж байна.Нью-Йорк хотын хамгийн түгжрэл ихтэй дүүргээр дамжин явах төлбөр нь өдөр оройн цаг ба тээврийн хэрэгслийн төрлөөс хамаарч өөр өөр байх ажээ. Суудлын автомашинуудын хувьд шөнийн цагаар 2.25 ам.доллар, оргил ачааллын үед 9 ам.доллар, бага оврын ачааны машины жолооч ачаалал ихтэй үед 14.40 доллар, том оврын автомашины жолооч 21.60 ам.доллар төлнө. Эдгээр тарифыг 2028 он хүртэл мөрдсөний дараа нэмэгдүүлэх ажээ.


“Түгжрэлийг бууруулах бүс” нь Манхэттен дүүргийн 60-р гудамжнаас өмнөх хэсэг юм. Энэ бүсэд Эмпайр-стейт-билдинг, Таймс-сквер болон Уолл-стрит гудамж байдаг. 

Энэхүү арга хэмжээ нь Нью-Йорк хотын замын түгжрэлтэй тэмцэхээс гадна нийтийн тээврийг хөгжүүлэхэд зориулан хөрөнгө мөнгө хуримтлуулах зорилготой ажээ.


Нью-Йорк муж улсын амбан захирагч Кэти Хокул хотын түгжрэлтэй бүс рүү нэвтрэхэд төлбөр төлдөг болгох саналыг хоёр жилийн өмнө дэвшүүлжээ. Гэвч нийтийн тээврээр тогтмол үйлчлүүлдэг хүмүүс, орон нутгийн бизнес эрхлэгчдээс ирсэн гомдлын улмаас уг төлөвлөгөөг хэдэнтээ шинэчлэн боловсруулж, хэрэгжилтийг нь хойшлуулсан байна. 


Нэгдүгээр сарын 5-наас хэрэгжүүлж буй шинэчилсэн журмыг 2024 оны зургаадугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байсан боловч К.Хокул "Нью-Йорк хотынхны хувьд урьдчилан тооцоолоогүй олон хүндрэл учрах байсан" тул түр зогсоожээ.

Түгжрэлийн бүсэд нэвтрэх хураамжийг хотын таксины жолооч нарын холбоо болон АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп эсэргүүцэж байна. Нью-Йоркийн уугуул Д.Трамп үүрэгт ажилдаа орсон даруйдаа уг хураамжийг цуцална гэдгээ мэдэгджээ.


Замын хөдөлгөөний мэдээллийн INRIX компанийн мэдээлснээр, Нью-Йорк хот хоёр жил дараалан дэлхийн хамгийн түгжрэлтэй хотоор "шалгарчээ". 2024 оны эхний улирлын байдлаар тус хотын Манхэттен дүүрэгт өглөөний оргил ачааллын үед автомашины хурд 17 км/цаг болж удааширч байжээ.


Д.Жаргал


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг