БРАЗИЛИА, 2025 оны нэгдүгээр сарын 6 /CNN/. Дэлхийн хамгийн өндөр настай хүн болох Японы иргэн 116 настай Томико Итоока таалал төгссөний дараа Бразилын хөл бөмбөг сонирхогч, гэлэнмаа Ина Канабаррог дэлхийн хамгийн өндөр настай хүн болсон гэж үзэж байна.
Гэлэнмаа И.Канабарро маш туранхай байсан тул түүнийг бага насандаа эндэж магадгүй гэж олон хүн бодож байсан тухай түүний 84 настай дүү Клебер Канабарро “Associated Press” агентлагт ярьжээ. Дэлхий даяарх 110-аас дээш настай хүмүүсийн мэдээллийг эмхэтгэдэг “LongeviQuest” байгууллагаас бямба гарагт мэдэгдсэнээр, тэргэнцэр дээр суудаг гэлэнмаа дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорсон байна.
Өнгөрсөн хоёрдугаар сард тус байгууллагын ажилтнуудын авсан дүрс бичлэг дээр инээмсэглэж буй И.Канабарро хөгжилтэй зүйл ярьж, цэцгээр урласан бүтээлүүдээ танилцуулж, залбирал үйлдэж байгаа нь харагдана. Урт наслахын нууц юу болохыг түүнээс асуухад "католик шашин шүтэх" гэж хариулсан байна. Бразилын өмнөд нутагт орших Порто-Алегри хот дахь өндөр настнуудын асрамжийн газарт амьдардаг гэлэнмаа хэлэхдээ, би залуу, хөөрхөн, найрсаг гээд та бүхэнтэй адил эерэг зан ааштай хүн гэсэн байна.
“LongeviQuest”-ийн судлаачдын үзэж байгаагаар, И.Канабарро 1908 оны зургаадугаар сарын 8-нд Бразилын өмнөд нутагт өнөр өтгөн гэр бүлд төржээ. Харин түүний дүүгийн ярьснаар, И.Канабаррогийн төрсөн өдрийг хоёр долоо хоногоор хоцорч бүртгэсэн бөгөөд тэрбээр үнэн хэрэгтээ тавдугаар сарын 27-нд төрсөн байна. Түүний элэнц өвөө нь XIX зуунд Бразил улс Португалиас тусгаар тогтносны дараах үймээн самуунтай үед зэвсэг барин тэмцэж байсан генерал хүн байжээ.
И.Канабарро өсвөр насандаа шашны ажил хийж, Уругвайн Монтевидео хотод хоёр жилийг өнгөрөөж, хожим нь Рио-де-Жанейро руу нүүж, эцэст нь төрөлх Рио Гранде-ду-Сул муждаа суурьшсан байна. И.Канабаррогийн 110 насны төрсөн өдрийг тохиолдуулан Пап лам Францис түүнд хүндэтгэл үзүүлж байлаа. Түүнчлэн 2023 онд 118 настайдаа нас барах хүртлээ дэлхийн хамгийн өндөр настай хүн байсан Люсиль Рандоны дараа бичигдсэн хоёр дахь хамгийн өндөр настан бол гэлэнмаа И.Канабарро юм.
И.Канабаррог төрсний дараа байгуулагдсан орон нутгийн Интер хөл бөмбөгийн клуб жил бүр хамгийн ахмад шүтэн бишрэгчийнхээ төрсөн өдрийг тэмдэглэдэг байна. Түүний өрөө нь багийн улаан, цагаан өнгийн бэлгүүдээр дүүрдэг гэж түүний дүү ярьжээ. Тус клубийн ерөнхийлөгчтэй хамт 116 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байх үед нь олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нэгэн дүрс бичлэгт тэрбээр “арьсны өнгө, баян, ядуугаас үл хамааран Интер бол ард түмний баг” хэмээн хэлж байжээ.
“LongeviQuest”-ийн мэдээлснээр, Японы иргэн Томико Итоока өнгөрсөн 12 дугаар сарын 29-нд тааал төгссөний дараа И.Канабарро дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорчээ. Тэрбээр одоо хамгийн өндөр насалсан хүмүүсийн жагсаалтын 20-д бичигдэж байгаа бөгөөд жагсаалтын эхэнд 1997 онд 122 насандаа нас барсан Францын иргэн Жанна Кальман бичигддэг.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0