sonin.mn

БУХАРЕСТ, 2026 оны тавдугаар сарын 14 /Kazinform/. Румыний нийслэл Бухарест хот дахь Котрочень ерөнхийлөгчийн ордонд "Бухарестын ес" (B9) бүлгийн ээлжит дээд хэмжээний уулзалт лхагва гарагт боллоо.  "Атлантын далай дамнасан аюулгүй байдлын төлөө илүү ихийг хийх нь" (Delivering More for Transatlantic Security) сэдвийн дор зохион байгуулсан энэ удаагийн дээд хэмжээний уулзалтыг Румыний Ерөнхийлөгч Никушор Дан, Польшийн Ерөнхийлөгч Кароль Навроцки нар хамтран даргалсан байна. Дээд хэмжээний уулзалтад НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, мөн Литва, Эстони, Чех, Латви, Словак, Финланд улсын Ерөнхийлөгч нар, Данийн Ерөнхий сайд, Швед, Норвеги, Исланд зэрэг Эвслийн зүүн жигүүрийн улсууд болон Хойд Европын орнуудын удирдагчид оролцжээ. АНУ-аас Төрийн нарийн бичгийн даргын зэвсгийн хяналтын асуудал эрхэлсэн орлогч Томас Ди Нанно оролцсон байна.


Уулзалтад оролцогчид НАТО-гийн зүүн болон зүүн хойд жигүүрийг бэхжүүлэх, гишүүн орнуудын батлан хамгаалах зардлыг нэмэгдүүлэх, мөн Турк улсад болох НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.


Мөн бүс нутгийн аюулгүй байдал, тэр дундаа Хар тэнгисийн сав газрын нөхцөл байдал болон B9 форматыг хойд түншүүдээр өргөжүүлж, байнгын хамтын ажиллагаа тогтоох боломжийн талаар санал солилцсон байна. Уулзалтын төгсгөлд хамтарсан мэдэгдэл гаргаж, НАТО-гийн зүүн жигүүрийн аюулгүй байдлыг бэхжүүлэх, батлан хамгаалахын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд нэгдмэл байр суурьтай байгаагаа нотолжээ. "Аюулгүй байдалд учирч буй ноцтой аюул, сорилтууд, тэр дундаа Оросоос учирч буй урт хугацааны аюулын өмнө бид нэгдмэл байж, хамтын батлан хамгаалахад оруулах хувь нэмрээ улам нэмэгдүүлж байна. Холбоотнууд батлан хамгаалахын зардлыг ДНБ-ий 5 хувьд хүргэх зорилтын хүрээнд үүрэг хариуцлагаа илүү өргөн хүрээнд хуваалцах замаар илүү их хариуцлага хүлээж байна” гэж Румыний Ерөнхийлөгчийн тамгын газрын албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн мэдэгдэлд дурдсан байна.


Одоогийн байдлаар Эвслийн хэмжээнд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарсан бөгөөд зарим холбоотнууд батлан хамгаалахын зардлыг өсгөх зорилтдоо хэдийн хүрэээд байгааг дурджээ.


Түүнчлэн Киевт үргэлжлүүлэн дэмжлэг үзүүлж, "Украины батлан хамгаалахын тулгамдсан хэрэгцээг НАТО-гийн PURL (Prioritized Ukraine Requirements List) санаачилга зэрэг боломжтой бүх арга хэрэгсэл, механизмаар хангахад" бэлэн байгаагаа дахин мэдэгдсэн байна. НАТО-гийн зүүн жигүүрийн Болгар, Унгар, Польш, Румын, Словак, Чех, Эстони, Латви болон Литва гэсэн есөн орон багтдаг "Бухарестын ес" бүлгийг 2015 онд Румын, Польш улсуудын санаачилгаар байгуулжээ. 2022 оноос хойш энэхүү платформ нь Евро-Атлантын аюулгүй байдлын асуудлаар нэгдсэн байр суурь боловсруулах чухал талбаруудын нэг болжээ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг