sonin.mn

БЭЭЖИН, 2026 оны тавдугаар сарын 15 /Fox News/. Хятад улс Америкийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп пүрэв гарагт эфирээр гарсан "Fox News" сувагт өгсөн ярилцлагынхаа үеэр мэдэгджээ. 


АНУ-ын томоохон компаниудын удирдлагуудаас бүрдсэн өргөн бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн багтай БНХАУ-ын удирдагч Ши Жиньпин уулзсан талаар тайлбар өгөхдөө Д.Трамп "эдгээр хүмүүс хэлцэл байгуулж, ажлын байрыг АНУ-д эргүүлэн авчрахын тулд ирсэн" гэж мэдэгдсэн байна.


"Хятад улс өнөөдөр тэрхүү өрөөнд байсан хүмүүсийн компаниудад хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна. Тийм ч учраас тэд ирсэн юм" гэж АНУ-ын удирдагч хэлжээ. Д.Трамп тавдугаар сарын 13-15-ны өдрүүдэд БНХАУ-д айлчилж байгаа юм. Баасан гарагт АНУ, Хятадын удирдагчид дахин хэлэлцээ хийнэ. АНУ-ын Ерөнхийлөгчийг тус улсын хамгийн том 16 компанийн удирдлагууд дагалдан яваа бөгөөд тэдний дунд "Tesla", "SpaceX" компаниудын тэргүүн Илон Маск, "Apple" компанийн ерөнхий захирал Тим Күүк, "Boeing" компанийн ерөнхийлөгч Келли Ортберг, "Goldman Sachs" банкны тэргүүн Дэвид Соломон, "Nvidia" компанийн ерөнхий захирал Женсен Хуанг нар багтаж байна.



Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг