ВАШИНГТОН, 2026 оны тавдугаар сарын 15 /Kazinform/. Израил, Ливаны төлөөлөгчдийн шууд хэлэлцээний гуравдугаар үе шат Вашингтон хотноо эхэллээ. Талууд гал зогсоох дэглэм, Ливаны өмнөд хэсгийн нөхцөл байдал болон "Хезболла" бүлэглэлийн зэвсгийг хураах асуудлыг хэлэлцэж байна. АНУ-ын нийслэлд пүрэв гарагт эхэлсэн талуудын хэлэлцээ тус улсын Төрийн департаментын зуучлалтайгаар хоёр өдөр үргэлжилнэ.
Энэ оны эхнээс хойш хоёр орны төлөөлөгчид гурав дахь удаагаа нүүр тулсан уулзалт хийж байна. Хэлэлцээ ирэх ням гарагт хугацаа нь дуусах хэврэгхэн гал зогсоох дэглэм болон Ливаны өмнөд хэсэгт үргэлжилж буй байлдааны ажиллагааны үеэр явагдаж байна.
Талуудын хэлэлцээ үргэлжилж байгаа хэдий ч Израилаас Ливаны нутагт цохилт өгсөөр байна. Лхагва гарагт Ливаны Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, Бейрут хотоос өмнө зүгт орших хурдны зам дээр автомашинуудад цохилт өгсний улмаас найман хүн, түүний дотор хоёр хүүхэд амиа алджээ. Мөн тус улсын өмнөд хэсэгт өгсөн цохилтын улмаас есөн хүн амь үрэгдсэн байна. Пүрэв гарагт Израилын арми довтолгоогоо үргэлжлүүлж, Бекаа хөндий болон Ливаны өмнөд нутгийн оршин суугчдад нүүхийг дахин анхааруулжээ. Израилын цэргийнхэн цохилтууд нь "Хезболла" бүлэглэлийн дэд бүтэц, объектуудыг чиглэсэн гэж мэдэгдэж байгаа бол Ливаны тал болон "Хезболла"-гийн төлөөлөгчид Израилыг гал зогсоох тохиролцоог системтэйгээр зөрчиж байна гэж буруутгаж байна.
Ливаны төлөөлөгчдийг тус улсын Ерөнхийлөгч Жозеф Ауны томилсон дипломатч Симон Карам тэргүүлж байна. Мөн Ливанаас АНУ-д суугаа Элчин сайд Нада Хамаде Моавад, төлөөлөгчийн газрын даргын орлогч Виссам Бутрос, цэргийн атташе генерал Оливер Хакме нар багтжээ.
Израилын төлөөлөн АНУ-д суугаа Элчин сайд Йехиэль Лейтер, Израилын Батлан хамгаалах хүчний Стратегийн удирдлагын дарга бригадын генерал Амихай Левин, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөх орлогч Йосси Дразнин нар хэлэлцээнд оролцож байгаа бол АНУ-аас Төрийн нарийн бичгийн даргын зөвлөх Майкл Нидхэм, Төрийн департаментын төлөөлөгч Жей Менс, мөн Израил болон Ливанд суугаа Элчин сайд Майк Хакаби, Мишель Исса нар зуучилж байна.
Ливан дахь дотоод зөрчил
Энэхүү хэлэлцээ Ливаны дотоодод ихээхэн маргаан дагуулж байгаа бөгөөд тус улсын удирдлагууд хэлэлцээний зорилго, хүрээний талаар нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй байна. Ливаны Ерөнхийлөгч Жозеф Аун, Ерөнхий сайд Наваф Салам нар Израилтай шууд хэлэлцээ хийхийг дэмжиж байгаа бол "Хезболла" хөдөлгөөн болон парламентын дарга Набих Берри зэрэг тус хөдөлгөөний холбоотнууд зөвхөн шууд бус холбоо тогтоохыг шаардаж байгаа аж.
АНУ-ын тал өмнө нь Ливаны Ерөнхийлөгч Аун, Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нарын хооронд шууд уулзалт зохион байгуулахыг санал болгож байсан нь Ливаны дотоод хурцадмал байдлыг улам даамжруулж магадгүй гэх болгоомжлолыг төрүүлсэн юм.
Ливаны дотоод зөрчил гүнзгийрч, төрийн институтууд нь сулрах нь тус улсыг гадны шахалт дарамтад илүү өртөмтгий болгодог тул энэ нөхцөл байдал нь Израилын ашиг сонирхолд нийцэж байна гэж зарим шинжээч үзэж байна.
"Хезболла"-гийн байр суурь
"Хезболла" хөдөлгөөний ерөнхий нарийн бичгийн дарга Наим Касем өмнө нь мэдэгдэхдээ, Израилын халдлагыг зогсоох, тус улсын цэргийг гаргах, Ливаны армийг өмнөд хэсэгт байрлуулах, хоригдлуудыг буцаах болон сүйдсэн бүс нутгийг сэргээн босгохын тулд Ливаны төр засагтай хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Гэхдээ тэрбээр Израилтай шууд хэлэлцээ хийхийг дэмжихгүй байгаагаа гэдгээ мэдэгдсэн байна.
Талууд ямар асуудлуудыг хэлэлцэж байна вэ?
Хэлэлцээний гол сэдвүүдийн нэг нь гал зогсоох дэглэмийн хэрэгжилт юм. Ливаны эрх баригчид улс төрийн тохиролцоонд хүрэхээс өмнө Израилын цохилтыг бүрэн зогсоохыг шаардаж байгаа бөгөөд 2024 оны эвлэрлийн хэлэлцээрээс хойш учирсан хохирлын талаарх мэдээллийг АНУ-ын талд танилцуулахаар төлөвлөж байна.
Харин Израилын тал "Хезболла-гийн объектуудад цохилт өгөх боломжийг хадгалахыг зорьж байгаа ба тус хөдөлгөөнийг зэвсгийг хураахыг шаардаж байна. Мөн Израилын зарим улс төрч Ливаны өмнөд нутагт "буфер бүс" байгуулах, зарим хил орчмын нутаг дэвсгэрт хяналтаа тогтоох санал гаргаж байгаа юм.
АНУ одоогоор хэлэлцээний цорын ганц зуучлагч хэвээр байна. Франц улс 2024 оны эвлэрлийн механизмыг хянахад оролцож байсан боловч шинжээчдийн үзэж байгаагаар Израилд нөлөөлөх бодит хөшүүрэг зөвхөн Вашингтонд байгаа ажээ. Мөн Саудын Араб сүүлийн долоо хоногуудад Ливаны улс төрийн хүчнүүдийн дотоод зөрчлийг намжаахад чухал үүрэг гүйцэтгэж байна. Израил-Ливаны хэлэлцээний хоёрдугаар үе шат 4 дүгээр сарын 23-нд болсон билээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Баасан - 05 сарын 15,
2026
Сэтгэгдэл0