sonin.mn

БРЮССЕЛЬ, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /AFP/. Бельги улсад тамхидалттай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд залуучуудын эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ирэх нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэг удаагийн электрон тамхи худалдаалахыг хориглохоор шийдвэрлэжээ.


Европын Холбоо /ЕХ/ 2040 он гэхэд тамхинаас ангид үеийг бий болгох зорилт тавьж, 27 гишүүн улс дахь тамхи татдаг хүмүүсийн тоо одоогоор нийт хүн амын 25 орчим хувийг эзэлж байгааг 5 хувиас доош түвшинд хүртэл бууруулахыг зорьж байгаа юм. Харин ЕХ-ны зарим улс энэ хугацааг наашлуулахаар төлөвлөж байна.


Электрон тамхи нь уламжлалт тамхинаас хор хөнөөл багатай гэж сурталчилдаг. Өнгөлөг сав баглаа боодол, анхилуун үнэртэй гэдгээрээ залуу хэрэглэгчдийн анхаарлыг татдаг бөгөөд хуруунд шингэдэг утааны эвгүй үнэрээс зайлсхийх давуу талтай байдаг. Гэхдээ электрон тамхи нь донтуулагч никотиныг мөн адил агуулдаг тул уламжлалт тамхийг хэрэглэхийн өмнөх үе шат болж магадгүй хэмээн шүүмжлэгчид үзэж байна. Бельги дэх Тамхинаас ангид нийгмийн төлөөх холбооны хэвлэлийн төлөөлөгч Нора Мелард хэлэхдээ, залуу хүмүүс никотины агууламжийг нь ч сайн мэдэхгүйгээр электрон тамхийг хэрэглэж эхэлж байна, никотин бол донтуулагч бодис гэдэгт л асуудал оршиж байна гэлээ. 


Бельги улсын хувьд таван жил гаруйн өмнө зах зээлд хөл тавьж байсан нэг удаагийн электрон тамхины аюулд хурдан хариу арга хэмжээ авч байгаагаа сайшааж байна. 


2021 онд тус улсын Засгийн газар ЕХ-ны гүйцэтгэх байгууллага болох Европын Комисст нэг удаагийн электрон тамхийг хориглох саналыг хүргүүлсэн юм. Тус комисс 2024 оны гуравдугаар сард Бельгид зөвшөөрөл олгосон нь дээр дурдсан хууль хүчин төгөлдөр болох нөхцөлийг бүрдүүлжээ. Түүнчлэн Францын ижил төстэй хоригийг мөн ЕХ хүлээн зөвшөөрөөд байна. Уг хууль батлагдсаны дараа электрон тамхийг үйлдвэрлэх, худалдах, үнэ төлбөргүй санал болгохыг хориглож, зөрчил гаргасан тохиолдолд 100 мянган евро буюу 104 мянган ам.доллараар торгох ажээ. Франц, Бельгийн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээлснээр, никотины архаг хэрэглээ нь өсвөр насныхны тархинд онцгой хор хөнөөл учруулж, бусад эмийн хэрэглээг өдөөж болзошгүй байна.


2023 онд хийсэн ЕХ-ны судалгаагаар электрон тамхи хэрэглэгчдийн дийлэнх нь цэнэглэдэг тамхийг сонгож байгаа боловч нэг удаагийн тамхийг 15-24 насны залуучуудын дунд түгээмэл хэрэглэдгийг тогтоожээ.


Хэрэглэхэд хялбар, олон нийтийн сүлжээгээр хаа сайгүй сурталчилдаг нэг удаагийн электрон тамхи хямд үнэтэй байдаг нь мөн хэрэглэгчдийн сонирхол татдаг байна. Тав, зургаан еврогийн үнэтэй нэг удаагийн электрон тамхи нь 20 ширхэг янжуур тамхинаас хоёр дахин хямд юм. Зарим электрон тамхи нь 9000 хүртэл соролттой байдаг нь 300 гаруй тамхитай тэнцэхүйц үзүүлэлт гэж шинжээчид үзэж байна. Эсэргүүцэгчид мөн нэг удаагийн электрон тамхинаас үүдэлтэй “экологийн сүйрэл”-ийг онцолж байна. Бельгийн тал ЕХ-ноос хоригоо батлуулахыг хүсэхдээ лити батерейтай нэг удаагийн хуванцар электрон тамхи нь худалдаалагдсанаас хойш ихэвчлэн тав хоногийн дотор хаягдал болдог гэдгийг дурджээ. Харин цэнэглэдэг хувилбаруудын хэрэглэх хугацааны хувьд ойролцоогоор зургаагаас долоон сар үргэлжилдэг байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг