МУАН, 2024 оны арванхоёрдугаар сарын 30 /Yonhap/. Өмнөд Солонгост ням гарагт болсон “Jeju Air” компанийн онгоцны ослоор амиа алдсан 179 хүний 141-ийнх нь цогцос хэнийх болохыг урьдчилсан байдлаар тогтоосон гэж тус улсын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас өнөө өглөө мэдэгджээ.
Тус яам Сөүлээс өмнө зүгт 288 км зайд орших Муан хотын олон улсын нисэх буудалд амиа алдагсдын ар гэрийнхэнд мэдээлэл хийх үеэрээ 179 цогцсыг бүгдийг нь цогцос түр хадгалах газар руу шилжүүлсэн гэж мэдэгдсэн байна.
Мөрдөн шалгах байгууллагууд задлан шинжилгээ хийж, цогцсуудыг шилжүүлэн өгөхөд бэлэн болсны дараа бид ар гэрийнхэнтэй нь холбогдох болно гэж албаны төлөөлөгч хэлжээ.
Хохирогчдын эд зүйлсийг хөөрөх-буух зурвасаас цуглуулах ажиллагаа үргэлжилсээр байна. Ням гаргийн өглөө нисэх онгоц их биеэрээ газардаж, хашлага мөргөсний улмаас онгоцонд сууж явсан 181 хүний 179 нь амиа алджээ. Ослын шалтгааныг холбогдох албаныхан шалгаж дуусах хүртэл уг газрыг хамгаалалтад авах юм.
Бүх томоохон хот, мужуудад амиа алдсан хүмүүст зориулан дурсгалын тахилын ширээг өнөө орой засахаар төлөвлөж байна. Ослын улмаас 157 иргэнээ алдсан Кванжу болон Өмнөд Чолла мужийн засаг захиргаа “Тавдугаар сарын 18-ны ардчилал”-ын талбай, Өмнөд Чолла мужийн засгийн газрын ордон, Муан дахь спортын цогцолбор гэсэн гурван газарт тахилын ширээ засна. Энэхүү зан үйлийг орон даяар гашуудал зарласан долоо хоногийн хугацаанд буюу бямба гараг хүртэл үйлдэх ажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл1
Нисэх зурвас нь арай урт байсан бол олон хүн аврагдах байсан байх