sonin.mn

АНУ-ын Ерөнхийлөгч саяхан “2025 оны санхүүгийн жилийн үндэсний батлан хамгаалах зөвшөөрлийн тухай хуулийн төсөл”-д гарын үсэг зурлаа. 895 тэрбум ам.долларын өртөг бүхий энэ төсөв нь тус улсын цэргийн зардалд шинэ рекорд тогтоож, Вашингтон зэвсэгт хүчнийхээ бэлэн байдлыг нэмэгдүүлэхийн тулд асар их хөрөнгө зарцуулж байгааг харууллаа. Тус хуулийн төсөлд Хятад улсыг “аюул занал” хэмээн тодорхойлж, ялангуяа Тайваний асуудлаар хатуу байр суурь илэрхийлсэн нь нөхцөл байдлыг хурцатгахад хүргэж байна.


Хятадын Олон Улсын Радио энэ тухай:

"АНУ энэхүү хуулийн төсөлдөө Тайванийг Номхон далайн бүс нутгийн 2025 оны цэргийн сургуулилтад оролцуулах санаачилга гаргаж, мөн тус бүсийн аюулгүй байдлыг баталгаажуулахын тулд Европын холбоотнуудтайгаа хамтран ажиллана гэж заажээ. Үүнээс гадна Тайваний өөрийгөө хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг онцолсон нь “Тайванийг тусгаарлах” хүчинд буруу дохио өгч, бүс нутгийн тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байна.

Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Тайваний асуудал судлалын хүрээлэнгийн дэд судлаач Лю Куанюй хэлэхдээ, Америкийн засгийн газрын энэхүү алхам нь хоёрдмол зорилготой. Нэгдүгээрт, АНУ-ын цэргийн үйлдвэрийн ашиг сонирхлыг хамгаалж, зэвсгийн борлуулалтыг нэмэгдүүлэх шахалтад хариу үзүүлж байна. Хоёрдугаарт, дараагийн Засгийн газартаа Хятад-Америкийн харилцааг зохицуулахад хүндрэл учруулж, урт хугацааны маргааныг үргэлжлүүлэх зорилготой гэж үзжээ. Гэсэн хэдий ч эдгээр алхмууд нь Тайваний ард түмний амьдралыг улам хүндрүүлж, тэднийг гүнзгий хямрал руу түлхэж байгааг Америкийн тал тооцоолоогүй бололтой.




Америкийн үйлдлүүд нь “Нэг Хятад”-ын зарчим болон Хятад-Америкийн хамтарсан гурван мэдэгдлийн үзэл баримтлалыг ноцтой зөрчиж байна. Ялангуяа 1982 оны “8-р сарын 17-ны албан мэдэгдэл”-д тусгасан АНУ-ын амлалтыг зөрчиж байгаа нь илэрхий. Тухайн үед АНУ Тайваньд зэвсэг нийлүүлэхээ үе шаттайгаар зогсоохоо амласан боловч өнөөг хүртэл үйлдлүүд нь үүнээс эсрэг чиглэлд явсаар байгаа нь АНУ-ын амлалт бодит байдалтай нийцэхгүй байгааг харуулж байна.


Өнгөрсөн сард Хятад улсын дарга Ши Жиньпин, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден нар Перуд уулзахдаа Хятад-Америкийн харилцааны улаан шугам, түүний дотор Тайваний асуудлын талаар ярилцсан. Байден “нэг Хятад”-ын зарчмыг хүндэтгэж, “Тайванийг тусгаарлах” оролдлогыг дэмжихгүй гэж онцолсон ч, АНУ-ын бодит үйлдэл эсрэгээрээ байгааг бид харж байна.


Хятад улс Тайваний асуудалд тодорхой байр суурьтай. Тайвань бол Хятадын язгуур ашиг сонирхлын цөм бөгөөд “нэг Хятад”-ын зарчмыг сахин мөрдвөл Хятад-Америкийн харилцаа эрүүл замаар хөгжиж, бүс нутгийн тогтвортой байдал хангагдана. Харин эсрэгээрээ энэ зарчмыг зөрчвөл Тайваний нөхцөл байдалд хүнд сорилт учирч, Хятад-Америкийн харилцаанд гүн хямрал үүсэх аюултай.


АНУ-ын үйлдлүүд нь бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд заналхийлж, олон улсын хамтын нийгэмлэгт “итгэл найдваргүй түнш” гэсэн дүр зургийг бий болгож байна. Тайваньтой холбоотой асуудалд хариуцлагатай, шударга хандах нь бүс нутгийн болон дэлхийн тогтвортой байдалд чухал нөлөөтэй билээ." гэжээ.


Г.Бямба